Барак Обама Цагаан ордныг таван жилийн өмнө орхисон юм. Гэвч энэ хугацаанд түүний амьдралд их зүйл өөрчлөгджээ. Жишээ нь гэхэд тэрбээр гэргий Мишельтэйгээ хамт хэд хэдэн намтар ном бичсэн нь АНУ болон дэлхийн бусад улсад бестселлер болж байлаа. Номын борлуулалтаас олсон орлого нь төрийн тэргүүн, тэргүүн хатагтай байсан хосод сая сая ам.доллар авчирч, тэрхүү мөнгөөрөө тансаг аялал хийж, дээд зэрэглэлийн шилтгээн худалдан авч, люкс брэндийн хувцсаар гангарч явна. Овгоо томоохон брэнд болгож чадсан гэр бүлийн тухай “Лента.ру” сайт бүх цаг үе, ард түмний удирдагчдын тансаг амьдралын тухай цуврал нийтлэлд гарсныг орчуулан хүргэе.
“Би хэдий хэмжээний мөнгөтэй гэдгээ мэдээд үнэхээр их гайхсан” хэмээн АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама 2018 онд Өмнөд Африкт Нельсон Манделагийн сангаас жил бүр зохион байгуулдаг лекцийн үеэр ярьж байжээ. Обама Цагаан ордныг орхих үед нэр хүнд нь дээд хэмжээндээ хүрч, тэр хэрээр гэр бүлийнх нь хөрөнгө мөнгө өсчээ. Ерөнхийлөгч болох эхэн үед буюу 2008 онд Обамагийн гэр бүлийн дансанд ердөө л 1,3 сая ам.доллар байсан бол 2021 он гэхэд энэ мөнгө нь хэд дахин нэмэгджээ. Өнөөгийн байдлаар янз бүрийн үнэлгээгээр энэ гэр бүлийн хөрөнгө 70-135 сая ам.долларт хэлбэлзэж байна. Ингэхдээ Барак, Мишель нар орлогынхоо ихэнх хувийг номоороо олдог аж.
«Азтай дамшиг»
Мишель, Барак Обама хоёр бол асар их нөлөөтэй, үлгэр жишээ гэр бүл хэвээр үлдсэн орчин цагийн хосуудын нэг жишээ юм. Тэд анх учрахад Мишель 25 настай байсан бөгөөд Чикаго дахь хуулийн фирмийн карьерын амжилтаа ид гаргаж явсан юм. Ийм л үедээ бүсгүй ажлаасаа хөндийрч, энэ залуутай гэрлэхээр шийджээ.
“Ажилтнуудынхаа лавлагааны зуны төгсгөлтийн гэрэл зургаас анх түүнийг харсан юм. Зураг нь түүнийг үнэхээр худлаа мэдээлээгүй байлаа. Гэрэлтүүлэг муутайхан зураг дээр байдгаараа инээчихсэн, хичээл сургуульдаа шамдсан нэг залуу байсан юм. Баракийн намтар дээр Хавайд төрсөн гэж байсан нь хачин залуу болгож харагдуулж байлаа. Өөр юу нь нүдэнд тусаагүй” хэмээн Мишель Обама Баракийн тухайн анхны сэтгэгдлээ “Becoming” номондоо өгүүлжээ.
Харин дадлагажигч залуу Мишелийн өөртөө итгэлтэй, чин сэтгэлээсээ ханддаг, стандарт бус сэтгэлгээтэй зэрэгт нь үнэхээр их бахаджээ. Тэд тун хурдан хугацаанд бие биедээ дурлаж, хэдэн жил Барак их сургуульд сурч, хол байсан ч хамт байх төлөвлөгөөнд нь саад болоогүй аж.
Энэ хос хоорондын харилцаагаа сайн засаж залруулдаг гэдгээ нуудаггүй. Гэхдээ энэ бүгд нь Мишель, Барак нарт олны өмнө жинхэнэ оноо болж, тэднийг хүмүүст тулгардаг асуудалтай энгийн нэгэн эхнэр нөхөр гэж хүлээн авдаг аж.
Ерөнхийлөгчийн найман жилийн хугацааг амжилттай дуусгаад энэ хос олны анхаарлаас алга болоогүйгээр барахгүй өөрсдийн овгоо үнэтэй брэнд болгож чадсан юм.
«Оройн хоолны дараа би юм ярихгүйг хичээдэг»
2020 оны арваннэгдүгээр сард Барак Обамагийн “A Promised Land” номын эхний хэсэг гарч, эхний долоо хоногтоо л 1,7 сая гаруй хувь борлогджээ. Билл Клинтон, бага Жорж Бушийн дурсамж номууд эхний долоо хоногтоо ийм хэмжээнд зарагдсан байдаг. Энэ бол Обамагийн анхны уран бүтээлийн амжилт бус. Өмнөх ном болох The Audacity of Hope, Of Thee I Sing: A Letter to My Daughters зэрэг бүтээлүүдээрээ Цагаан ордны эзэн асан 15 сая гаруй ам.доллар олсон байдаг.
Гэхдээ Барак болон өмнөх Ерөнхийлөгчид зохиол бичих авьяасаараа Мишелийн хаана нь ч хүрэхгүй. Мишелийн Becoming ном 2018 онд гарснаасаа хойш 10 сая гаруй хувь борлогджээ. Уг ном тухайн ондоо хамгийн хурдан борлуулагдсан ном болж, Мишелийн бүтээл түүхэн дэх хамгийн алдартай зохиолын жагсаалтад багтжээ.
Penguin Random House хэвлэлийн газартай хийсэн хосын дурсам номуудыг худалдан борлуулах эрхийн гэрээ Обамагийн гэр бүлд нэг бүрт нь 60 орчим сая ам.долларын ашиг орлого оруулсан юм. Гэвч Мишель үүгээр зогссонгүй, хэвлэлтийнхээ галзуу амжилтыг мөнгө болгож чаджээ. Бүтээгдэхүүнээ сурталчлах ажлаа Европын нийслэлүүд гээд 30 гаруй хотод хийж, Мишелиэс Опра Уинфри, Сара Жессика Паркер, Риз Уиверспун болон бусад алдартай эмэгтэйчүүд ярилцлага авч байлаа. Бруклины “Барклайс-центр”-т зохион байгуулсан номоо танилцуулах өдөрлөгийн тасалбар нь нэг бүр нь 3000 ам.долларт хүрч, тэргүүн хатагтай асны уран бүтээлд дурлагчид 35 ам.долларын үнэтэй лаанаас эхлээд 20 ам.долларын аяга гээд нийт 25 төрлийн бараа бүтээгдэхүүн гаргажээ.
Обамагийнхан ашгийнхаа 10 хувийг сайн үйлсэд хандивладаг
«Барак бид сторителлингийн чадвартай гэдэгтээ үргэлж итгэдэг байсан » хэмээн Мишель Обама 2018 онд нөхрийгөө Netflix-тэй хамтран ажиллах гэрээ байгуулах үеэр тайлбарлажээ. Энэ гэрээ 50 сая орчим ам.долларын үнэтэй гэрээ болсон юм. Үүн дээр төрийн тэргүүн хос асны байгуулсан Higher Ground Productions продюсерын компани цуврал кино, уран сайхны болон баримтат киноны үйл ажиллагаанд оролцдог. Эдгээрийн дунд Мишель Обамагийн дурсамж номон дээр үндэслэн хийсэн Becoming баримтат киноны хэсэг ч бий. Энэ бүтээл 2020 оны тавдугаар сард Netflix-т тавигдсан аж.
Хэдийгээр Becoming бүтээл гарамгай амжилт гаргасан хэдий ч Барак Обамагийн өөрийнхөө тухай намтрын худалдаа бүх дээд амжилтыг эвддэг. “Оройн хоолны дараа би юм ярихгүйг хичээдэг” хэмээн Барак Обама Jimmy Kimmel Live! Шоун дээр мэдэгдээд, энэ номынх нь худалдаа эхнэрийнхийг нь давдгийг ярьжээ. Эхнэр нь энэ асуудалд сэтгэлээр унадаггүй гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна. Энэ дурсамж номын мөнгөөр тэр өөртөө шинэ туфль авах боломжтой боллоо гэж хошигнодог гэжээ.
Клинтоны заавраар
Обама Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа дуусгаад Америкийн бусад төрийн тэргүүнүүдийн адил жилд 200 мянган ам.долларын тэтгэмж авдаг болжээ. Энэ мөнгийг Барак, Мишель хоёрын номноос олдог мөнгөтэй харьцуулбал юу ч биш. Үүнээс гадна Обама бусад ерөнхийлөгчдийн адил төлбөртэй илтгэл тавьж, хувийн лекц, семинар уншиж багагүй мөнгө олдог.
Баракийн үнэлгээ өндөр. Нэг илтгэл нь 400 мянга орчим ам.доллар. Мишелиэс үг хэлээч гэж гуйвал 225 мянга орчим ам.доллар нэхнэ.
Жишээ нь гэхэд Бараз Обама Northern Trust-д илтгэл тавихад корпорациас 800 мянган ам.долларын зарлага гарсан бол Уолл-Стритийн компаниудад 3 илтгэл тавьсан нь 1,2 сая ам.долларын үнэд хүрчээ. Үүгээрээ олон америкчуудын дургүйцлийг төрүүлсэн байдаг. Обамаг банкируудтай хамтран ажилласан нь хоёр нүүрлэсэн хэрэг гэж иргэд шүүмжилжээ. Учир нь тэрбээр Ерөнхийлөгч байх хугацаандаа томоохон банкууд болон нийгэм дэх санхүүгийн тэгш бус байдал нэмэгдэж байгааг эрс шүүмжилсэн юм.
Боломжийн люкс
Мишель Обама Vogue сэтгүүлийн нүүрэнд 3 ч удаа гарч, загварлаг гэсэн цол хэргэм хүртэж байсан удаатай. Vanity Fair сэтгүүлээс Обамагийн хосын стилийг 2017 онд өндрөөр үнэлж, зохих жагсаалтад оруулж байсан юм. Ингэхдээ хосууд энгийн моодонд дуртай. Барак л гэхэд нэг смокингтойгоо олон удаа гарч ирж байсан бол Мишель дундаж ангиллын энгийн америк эмэгтэй ч олж өмсөж болохоор хувцсаар гангарах нь бий. Гэхдээ өндөр статус, асар их хөрөнгөтэй болохоор мэдээж тансаг, дэгжин хувцас, гоёл чимэглэл өмсөх нь бий. Жишээ нь гэхэд Барак бусад удирдагчдын адил 15 мянга орчим ам.долларын үнэтэй Rolex Cellini цагтай. Харин өдөр тутмын амьдралдаа 150 ам.долларын фитнес цаг зүүдэг байна.
Цагаан ордны ёслолын оройн зоогт тусгайлан зориулж урлуулсан Versace-ийн үдэшлэгийн даашинзанд Мишель Обама 12 мянган ам.доллар зарцуулсан бол шүүгээнээс нь 1000 ам.долларын үнэтэй Christian Siriano, 6.8 мянган ам.долларын үнэтэй J Mendel-ийн юбка, пиджак, Jimmy Choo-гийн туфль, 600 ам.долларын кет зэрэг гарч ирнэ. Үүнээс гадна Мишель Цагаан ордноос яваад илүү дэгжин, гялтганасан зүйлд дуртай болж, Balenciaga-гийн 3,9 мянган ам.долларын үнэтэй урт түрийтэй гуталтай гарч ирсэн юм.
Трамптай хөрш болсон нь
Цагаан ордонд тав тухтай, тансаг амьдарсан Обамагийн хос тогтсон зуршлаа өөрчлөхийг хүссэнгүй. Үүнээс гадна бага охин нь энэ үед Вашингтоны сургуульд сурч байсан болохоор нийслэлд байж, Чикагогийн өмнөд хэсэгт 2,5 сая ам.долларын үнэтэй байшин авахаас өөр аргагүй болжээ.
Мишель, Барак нарын шинэ сонголт нь өмнө нь Калорамад байдаг, өмнө нь түрээсэлж байсан тансаг хорооллын харш байв.
Тюдорын стильтэй энэ байшин нь 800 м.кв орчим талбайтай, 8 унтлагын өрөө, 9 ванны өрөөтэй. 8,1 сая ам.доллараар худалдан авчээ. Ийнхүү үнэ өртгөөрөө тус бүсдээ Amazon-ы тэргүүн Жефф Безосын 23 сая ам.долларын үнэтэй шилтгээний дараа 2-рт орж байна. Обамагийн хөршүүдийг нэрлэвэл Доналд Трампын охин Иванка Трамп, хүргэн Жаред Кушнерийн харш, түүнчлэн гадаадын элчин сайдууд гэнэ.
Барак түүнчлэн Кэмп-Дэвидэд байдаг Ерөнхийлөгчийн эдлэнг орлох амралтын эдлэн худалдан авчээ. Ингэхдээ тэд Массачусетс мужийн Кейп-Код хошууны дэргэд Мартас-Винъярд арал хэмээх амрах байр болгон түрээсэлж байсан танил газраа сонгожээ. Арал дээр өмнө нь Жаклин Кеннеди, Билл Гейтс, Опра Уинфри нар үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байсан юм. Зайдуу ганцаар орших энэ харш 650 м.кв талбайтай, 7 унтлагын өрөөтэй, 8,5 угаалгын өрөөтэй, нуур луу харсан, 30 акр газартай. 11,75 сая ам.доллараар худалдан авчээ.
«Бүх хоолыг амсаж, бүх газраар аялж чадахгүй шүү дээ»
Обамагийн гэр бүлийн хамгийн дуртай зүйл бол аялал. Өмнө нь тэд ажлын уулзалт, гэрээ хэлэлцээр хийхээр янз бүрийн арал, Европын арлуудаар явдаг байсан бол Цагаан ордноос явсныхаа дараа жинхэнэ ёсоор амралт эдэлж чаддаг болжээ. Тэрбээр Доналд Трампыг тангараг өргөсний дараа нойрны эрүүл дэглэмээ сэргээхийн тулд хэдэн сарын турш Калифорни мужийн Палм-Спрингс рүү гэр бүлээрээ явж, дараа нь Францын Полинези, Хавай, Бали руу аялдаг аж.
Төрсөн нутаг Хавайдаа Барак Hale Reena шилтгээнд саатсан юм. Энэ шилтгээнийг түрээслэхэд хоногийн 5-10 мянган ам.доллар болдог.
Энэ гэр бүлтэй хамт Баракийг Ерөнхийлөгч байхаас эхлэн найзалсан дэлхийн алдартнууд, саятнууд нэгджээ. Тухайлбал, Америкийн төрийн тэргүүн Британийн Виржинийн арлуудад байдаг 30 га газар бүхий Некер хувийн аралд цагийг өнгөрөөж байсан. Энэ арлыг Virgin бизнес эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч Ричард Брэнсон эзэмшдэг. Энэ арал нэг дор 30 зочныг хүлээн авах боломжтой. Арлыг бүхэлд нь түрээслэхийн тулд хоногт 75 мянга орчим ам.доллар зарцуулна. Барак амралтынхаа үеэр кайтбординг, бассейнд сэлэлтээрэ хичээллэдэг байжээ.
Францын Полинезийн Тетиароа хувийн арал дээр энэ гэр бүл бунгало түрээсэлжээ. Цасан цагаан эрэг дээрх энэ амралтын үеэр Барак дурсамж номоо бичихийн хажуугаар чөлөөт цагаараа Америкийн продюсер Дэвид Геффений эзэмшдэг, Rising Sun нэртэй тансаг усан онгоцоор аялдаг байлаа.
Барактай хамт дэлхийн хамгийн том усан онгоцны нэг энэхүү усан онгоцоор Опра Уинфри, жүжигчин Том Хэнкс, дуучин Брюс Спрингстин нарын алдартан найзууд нь аялж байлаа.
Гэхдээ Америкийн төрийн тэргүүн асан зөвхөн далайн эрэг дээр амардаггүй. Обамагийн хос 2019 онд охидынхоо хамт Францын Вильнев-лез-Авиньон хотод амарч харагджээ. Энд тэд XVIII зууны Le Mas des Poiriers шилтгээн түрээслэн авсан юм. 1200 м.кв талбайтай, 26 га хувийн эдлэнтэй, лийрийн цэцэрлэгтэй, наран цэцэг, теннисийн талбай, бассейнтай, түүнчлэн 2 ахлах тогооч, үйчлэгчидтэй гээд долоо хоногт 62 мянган ам.доллар болжээ. Гэвч энэ зарлага бол тэднийг айлгах зүйл биш. “Хүн бүх хоолыг амсаж, бүх газраар аялж чадахгүй. Өөрөөр хэлбэл мөнгө надад хангалттай бий” хэмээн Обама хариулдаг аж.
Эх сурвалж: lenta.ru
Орчуулсан Э.Март