Иргэн С нь нэр бүхий Улсын Их Хурлын гишүүн халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдсан, бэлгийн дарамт үзүүлсэн тухай мэдээллийг 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн цахим орчинд мэдээлжээ. Энэ мэдээллээс үүдэлтэй УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын удирдаж байсан байгууллагуудад алба хашиж байсан эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулдаг, бэлгийн хүчирхийлэл үйлддэг, заналхийлдэг гэх мэдээлэл цахим орчинд цацагдаж байна.
Монгол Улсын хууль тогтоомжинд заасны дагуу тодорхой хувь хүн, эрх бүхий байгууллагад албан ёсоор гомдол, мэдээлэл ирүүлсний дараа хэргийг мөрдөн шалгах, гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа хийгддэг. Иймд хохирсон гэх иргэд Хүний эрхийг Үндэсний Комисс болон цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл ирүүлэхийг, хамтран ажиллахыг уриалж байна.
Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд гарсан эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн, бэлгийн дарамт учруулсан, заналхийлсэн гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг шуурхай шалгаж, үр дүнг Хүний эрхийн Үндэсний Комисс, олон нийтэд танилцуулахыг цагдаа, прокурорын байгууллагаас шаардаж байна. Эдгээр гомдол, мэдээллийг шалгах, гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангаж буй байдалд Хүний эрхийн Үндэсний Комисс хууль заасан бүрэн эрхийнхээ хүрээнд идэвхтэй хяналт тавьж ажиллах бөгөөд эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаарх саналаа холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах болно.
Цахим орчинд гарч байгаа гомдол мэдээллийн талаар байр сууриа илэрхийлэх, тайлбар хийхийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Танд зөвлөж байна.
УИХ-ын гишүүний холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн талаарх иргэдийн мэдээллийг хууль тогтоомж, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд заасны дагуу нээлттэй хэлэлцэж, мэдээлэл үндэслэлтэй нь тогтоогдсон тохиолдолд хохирогчдыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, буруутай этгээдэд хариуцлага тооцохыг УИХ-ын Ёс зүй, сахилга, хариуцлагын хорооноос хүсч байна.
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС