Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын 2 дахь долоо хоногийн БЯМБА гарагт бүх нийтээр мод тарьдаг уламжлалтай билээ.
Энэ жил бүх нийтээр мод тарих өдрийг “Өрх бүр хашаандаа мод тарья” уриатайгаар нийслэлийн төвийн 6 дүүргийн гэр хорооллын 100 хороотой хамтран айл, өрхийн хашаанд мод тарих арга хэмжээг өрнүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Энэхүү арга хэмжээний хүрээнд анх удаа “Тарьц, суулгац” цахим үзэсгэлэнг “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газраас санаачлан хүргэж байна. Цахим үзэсгэлэнд мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 17 аж ахуйн нэгж, байгууллагын мод үржүүлгийн газарт бэлтгэгдэж буй 33 зүйлийн мод бутны тарьц, суулгац, тэдгээрийн тоо хэмжээ, үнэ, хаяг байршил зэрэг мэдээллийг оруулжээ.
Г.Нэргүй