Зуугаад жилийн өмнө тайлагдашгүй ямар өвчин байсан бэ гээд ярихаар хамгийн түрүүнд испани ханиад санаанд орно. Гэвч өнгөрсөн зууны эхний 25 жил хүн төрөлхтөнд нүүрлэсэн нойрны тайлагдашгүй өвчний талаар мэдэх хүмүүс ховор.
1915 онд Европ тив Дэлхийн дайнд нэрвэгдсэн юм. Хуучин ертөнцөд янз бүрийн улс орон, тивээс цэргийн ангиуд ирсэн бөгөөд тэдэнтэй хамт элдэв төрлийн тахар өвчин иржээ. Гэхдээ тэр үед эмч нарын гол зовлон нь буудалцаан, шарх, няцралт, хийн халдлагын үр дагавар байсан тул хачин өвчнийг бараг хэн ч анхаарч үздэггүй байв.
Тухайлбал, “Верден мах бутлуур” нь сая орчим хүний үхэлд хүргэсэн. Гэвч үүнээс илүү олон хүн гэмтэж бэртсэн эсвэл тархины доргилт, өвчин гэх мэтийн үр дагаврыг амсжээ. Доктор Крушегийн Парисын эмнэлэг болон ноён Экономогийн Вена дахь эмнэлгүүд ижил төстэй шинж тэмдэгтэй өвчтөнүүдийг хүлээн авч эхэлжээ. Удалгүй Австралид ижил хачин өвчтөнүүд гарч ирэв. Өвчний талаарх анхны тодорхойлолтыг Доктор Экономо гаргасан бөгөөд түүний дурсгалд зориулан түүгээр энэхүү нойрдог энцефалит өвчнийг нэрлэсэн юм.
Өвчин эхэндээ энгийн л ханиад шиг илэрнэ. Ихэвчлэн халуун нэмэгдэж, тухайн хүн дагжин чичирч, бие нь хөндүүрлэн өвдөнө. Харин хачирхалтай зүйл нь сүүлд илэрнэ. Шинж тэмдэг илэрснээс хойш хэдэн цаг, заримдаа хэдэн өдрийн дараа тухайн хүн шалтгаангүйгээр нойроо дийлж чадахгүй болно. Өдрийн аль ч цаг байсан хамаагүй унтахыг л хүснэ. Мэдээж нүүр лүү нь ус цацаж, хацар луу нь алгадаад сэрээж болох боловч хэдхэн минутын дараа дахиад л унтчихдаг байна. Нойр нь хэдэн цаг, өдөр, долоо хоногоор үргэлжилнэ. Бүр хэдэн сараар үргэлжилсэн тохиолдол ч бий.
Өвчний явцад тасралтгүйгээр унтдаг үе шат нь нэлээд хурц үед тооцогдоно. Энэ үед өвчтөний бараг 30% нь амьсгал хураадаг байна. Хэдийгээр энэ хурц үеийг давсны дараа нас барах эрсдэл буурдаг ч хүмүүс бүрэн эдгэрнэ гэж бараг үгүй.
Өвдөөд эдгэрсэн хүмүүсийн зарим нь хагас ухаангүй болж, хаана байгаагаа ч мэдэхээ больж, эргэн тойронд болж байгаа бүхнийг ойлгож чадахгүй болдог. Тухайн үеийн сонинууд ийм өвчтөнүүдийг “сүнсэн хүмүүс” гэж байв. Учир нь тэд бие нь манай ертөнцөд байгаа ч амьдралд оролцоо бараг үгүй болдог. Үхлийн аюулт энэ өвчнийг тусаад эдгэрснээс хойш хэдэн жилийн дараа ч “сүнсэн хүн” болох эрсдэлтэй.
Австрийн эмч Константин фон Экономо энэ өвчин халдварын шинж чанартай, хүнээс хүнд дамждаг болохыг тогтоосон байна. Өвчнийг нуувчинд хамт байсан цэргүүдээс эхлээд фронтод огт очиж үзээгүй эрхэмсэг хатагтай нар, дөнгөж төрсөн нялх хүүхэд, тэдний ээжүүд гээд олон хүн өвдөж байв. Гэсэн ч Экономо болон өөр ямар ч эмч шинэ өвчнийг хэрхэн эмчлэх сэжүүрийг олж чадаагүй юм.
1920-иод оны эхээр өвчин завсрын болон дунд тархийг хамарч, ийм байдалд оруулдгийг мэдсэн ч үүсгэгчийг нь ялган авч чадаагүй аж. Вирус хүний ялгадас шингэнд агуулагддаг гэж үзэж байв. Ялангуяа шүлсэнд оршдог байж болзошгүй хэмээн Экономо таамаглажээ. Агаар дуслын замаар өвчин дамждагийг тогтоосон ч яаж, юугаар эмчилсэн нь одоо ч тодорхойгүй байна.
1925 оноос дэлхий нийтийг бараг бүхэлд нь хэрхсэн нойрны өвчин намжиж, 1927 он гэхэд ганц хоёрхон тохиолдол гарч байлаа. Харин 1987 онд 4 ийм тохиолдол гарсан ч эрдэмтэд үүсгэгчийг нь илрүүлж чадаагүй юм. Нойрны энэ өвчний тахлын үеэр нийт 5 сая орчим хүн халдвар авсан гэж тооцоо байдаг аж.
Эх сурвалж: zen.yandex.ru
Орчуулагч: Марта