Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт 2021 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхлэх тул Ерөнхийлөгч Х.Баттулгын дахин нэр дэвших эрх нь ҮХ-ийн 30-2 дахь заалтаар боломжгүй болсон. Үүнтэй холбоотой Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсээд байгаа бөгөөд Х.Баттулгад дахин нэр дэвших эрх нь бий хэмээн зарим улстөрчид үзэж буй. Тиймээс тухайн үед УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэ заалтыг Ерөнхийлөгчийн талтай зөвшилцсөн протоколыг одоо болж буй үйл явцтай харьцуулан сануулж байна.
2019. 09.17 УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан
Байнгын хорооны дарга С.Бямбацогт: Үндсэн хуульд орох нэмэлт өөрчлөлтийн төслөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрх, Ерөнхийлөгчид тавих шалгуурыг 2025 оны долдугаар сарын 01-ээс үйлчилж эхлэнэ гэж байгаа. Ажлын хэсэг 2021 оны долдугаар сарын 01 байвал яасын бэ гэж ярьсан. Мөн Шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор шинэ Үндсэн хуулийн орчинд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль явуулах ёстой гэсэн саналууд яригдсан. Энэ тал дээр Ерөнхийлөгчийн байр суурийг сонсоё. З.Энхболд дарга хариулт өгнө үү.
Ерөнхийлөгчийн төлөөлөгч ба ЕТГ-ын дарга З.Энхболд: Анх санаачлахдаа 2025 он байсныг 2021 оны долдугаар сарын 01-ээр өөрчлөх юм байна тэ. Ингэх нь зүйтэй л дээ. Яагаад гэвэл Үндсэн хууль нь өөрчлөгдсөн байдаг. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийг хуучин хуулиар явуулах нь зохимжгүй л дээ. Тиймээс 2021 он болгох нь зүйтэй. Гэхдээ техникийн хувьд хүндрэл гарахыг УИХ, байнгын хороо Ажлын хэсэг харгалзаж үзэхгүй бол болохгүй. ШШинэ сонгуулиас хойш үүнийг мөрдөнө гэхээр үүнээс өмнө 2021 оны 5 сард явагдах Ерөнхийлөгчийн сонгууль шинэ хуулиар явагдах ёстой. Энэ шинэ хуулиа гаргахын тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа өөрчлөх ёстой. Тийм болохоор тэр өдрөөс эхэлж мөрдөж болохгүй. Ядаж нэг жил хагас жилийн өмнөөс мөрдөх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд нэг удаа зургаан жил гэсэн заалтаа өөрчлөх ёстой. Энэ хуулиа батлаад Ерөнхийлөгчийн сонгуульд оролцогч хүмүүс бэлтгэлтэй байхаа бодолцох хэрэгтэй Тэр хооронд одоогийн ажлаа хийж байгаа Ерөнхийлөгчийг 2021 онд бүрэн эрхээ дуусгах хүртэл ажлаа хийх бололцоог нь хангаж өгөхийн тулд шилжилтийн хууль бичихгүй бол болохгүй байх. 2025 оныг 2021 он болгохоос гадна ийм практик шаардлага гарна байх. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид хэн нэгэн сонгогдсоны дараа үргэлжлэх биш сонгууль явуулахаас өмнө Үндсэн хуулийн хугацааг тавихгүй бол болохгүй гэсэн байр суурьтай байна.
С.Бямбацогт: –Энэ талаар бид өмнө нь нэлээд ярилцсан. Тэгэхээр төслийн 2-р зүйлийг хасах гэдгээр санал хураавал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2021 оны тавдугаар сарын 25-аар хүчин төгөлдөр болоод явна. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчтэй холбоотой заалт хүчин төгөлдөр болоод явчихна. Тиймээс холбогдох зохицуулалтуудыг хийгээд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль шинэ Үндсэн хуулийн эрх зүйн орчинд явагдах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн 30-2 дахь хэсэгт одоо байгаа 2025 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхэлж дагаж мөрдөнө гэж байгааг 2021 оноос гэж санал хураалт явуулах гэж байна. Мөн үү?
С.Бямбацогт: Энэ 2 дугаар зүйлийг хасвал харшлах зүйл байхгүй юм байна тийм үү. За 2-р зүйлийг хасахыг дэмжих гэдгээр санал хураалт явуулья
Санал хураалтад 14 гишүүн оролцсоноос 13 гишүүний буюу 92,9 хувийн саналаар энэ санал дэмжигдлээ.
УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар одоо маргаан дагуулаад байгаа Үндсэн хуулийн 30-2 дахь буюу Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг ийнхүү 2025 оноос мөрдөх байсныг тухайн үеийн Ерөнхийлөгчийн төлөөлөгч буюу ЕТГ-ын дарга З.Энхболд саналаар ийнхүү 2021 оноос мөрдөхөөр санал хураалган батлуулжээ.
Эх сурвалж: Зөв.мн