Италийн мафи нэн шаардлагатай хүмүүст хэрэглэх гэж байсан коронавирусийн эсрэг вакциныг бүгдийг нь хяналтандаа авсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулжээ.
Италийн парламентын мафитай тэмцэх хороо гэмт хэргийн синдикатууд өндөр настан, эрсдэлтэй бүлгийн хүмүүст зориулсан вакицинуудыг найз нөхдөдөө хэрхэн зувчуулж байгааг судалж эхэлжээ. Ялангуяа тус улсын өмнөд хэсэгт, эрүүл мэндийн байгууллагууд нь мафийнхны гарт орсон газруудад ямар байгааг шинжээчид илүүтэй сонирхож байгаа аж. Politico-д мэдээлснээр вакцинжуулалтын эхний давалгааны үеэр эмч эмнэлгийн ажилтнууд бус, хэлхээ холбоо сайтай улстөрчид, хуульчид, шүүгчид, сэтгүүлчид хамгийн түрүүнд вакцинд хамрагдсан байна. “Доод тал нь 1000-гаад хүн ээлж дараалал зөрчсөн асуудлаар сэжиглэгдэж, цагдаа, прокурорын байгууллагад шалгагдаж байна. Үүнээс 150 нь зөвхөн Палермод гарсан. Сицилийн Корлеоне хотын дарга эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, өөртөө болон зөвлөхүүддээ вакцин хийлгэсэн асуудалд орсныхоо дараа огцорсон” хэмээн бичжээ.
Энэ асуудлын улмаас парламентын мафитай тэмцэх хороо вакцинд хамрагдсан хүмүүсийн нэрсийг гаргаж өгөх шаардлага тавьжээ. Комиссын гишүүн, мафитай тэмцэх кампанит ажлын оролцогч Марио Жарруссо сэжигтэй тоо бүхий өмнөдийн хэд хэдэн бүсээс нэрсийн жагсаалтыг гаргаж өгөх хүсэлт гаргасан гэжээ. Түүнчлэн “Засгийн газраас тодорхойлсон нэн тэргүүний аль нэг ангилалд орохгүй хүмүүс тарилгад хамрагдаж байна. Ялангуяа мафийн нягтаршил ихтэй зарим бүсэд ийм зүйл гарч байгаа болохоор мафи вакцинжуулалтад оролцож эхэлжээ гэсэн хардлагыг төрүүлж байна” хэмээн Жарруссо мэдэгджээ.
Эх сурвалж: korrespondent.net
Орчуулагч: Марта