АНУ-ын иргэн, оюутан Отто Уормбергтэй холбоотой асуудлаар өнгөрсөн баасан (2017.06.23) гаригт Хойд Солонгосын тал анх удаа мэдэгдэл хийв. Ингэхдээ тэд Отто Уормберг гэмт хэрэг үйлдсэн ч гэсэн бидний зүгээс түүнд хүндэтгэлтэй хандаж байсан гэж мэдэгдсэнийг “The New York” мэдээлжээ.
АНУ-ын иргэн, 22 настай Отто Уормберг 15 сар Хойд Солонгост хоригдсоны эцэст энэ сарын дундуур суллагдаж, эх орондоо ирсэн ч долоо хоногийн дараа нас барсан юм. Түүний үхэл АНУ болон Хойд Солонгосын харилцааг улам хурцатгасан. Түүнд шинжилгээ хийсэн Америкийн эмч нар талийгаач оюутныг тархиндаа маш их хэмжээний гэмтэл авсан гэж үзсэн ч энэ гэмтэл яаж үүссэн болохыг тогтоож чадаагүй байна.
Баасан гаригт Хойд Солонгосын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Уормбергийг хүчирхийлэлд өртсөн, эрүүдэн шүүсэн гэсэн АНУ-ын мэдээллийг үгүйсгэж “Бид дайсагнагч талын гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлэх шаардлагагүй ч түүний эрүүл мэнд улам дордож байсан тул АНУ-д буцаж очих хүртэл нь хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн” хэмээн мэдэгджээ.