Завхан аймгийн Улиастай суманд өнөө өглөөний 06:00 цагаас эхлэн 72 цагийн хугацаатай тэг зогсолт хийж, хатуу хөл хориог тогтоолоо.
Учир нь тус суманд дөрөвдүгээр сарын 4-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн 4 иргэнээс өчигдөр /2021.04.12/ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 3 иргэний хариу “Эeрэг” гарсан байна.
Дээрх дөрвөн иргэний нэгнийх нь аав хавдартай учир хотод ирж, мэс засалд орж эмчилгээ хийлгэн буцахдаа шинжилгээ өгөхөд сөрөг гарчээ. Харин нутагтаа ирээд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгтөл эерэг гарсан байна.
Мөн нэг иргэн нь гэрийн тусгаарлалт зөрчсөн байна. Гэрийн тусгаарлалт зөрчсөн иргэдэд зөрчлийн хуулийн дагуу хариуцлага оногдуулж, заримыг нь баривчилсан хэмээн Аймгийн Онцгой комиссын дарга хэллээ.
Одоогоор ойрын хавьтлын 47 хүнийг тогтоогоод байгаа ба дам хавьтлуудыг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.
Л.Баяр