Өнгөрсөн 7 хоногт Газарзүй, геоэкологийн хүрээлэнд ажиллаа. Үүнээс байгаль орчинд нөлөөтэй судалгаа, туршилтаас онцлон хуваалцмаар санагдлаа.
Тус хүрээлэн 1990-ээд оноос хойш Улаанбаатар хотод орчны бохирдлын судалгааг хийж гэр хороолол, зах, хур хогийн цэг орчмын хөрсний бохирдол их байгааг судалгаагаар тогтоож, зарим хэсэгт гүний усыг бохирдуулах хэмжээнд хүрчээ.
Цагаан давааны хогийн цэг гэхэд хөрсний 3-5 метр гүнд хамгийн их нянгийн бохирдолтой гарчээ. Хөрсний хүнд металын бохирдол хамгийн их газар бол Да Хүрээ зах болон арьс шир боловсруулах үйлдвэр орчим юм. Хөрсөнд хар тугалга, кадми, зэс, цайрын бохирдол их байна.
Тиймээс арьс шир боловсруулах үйлдвэр орчимд хөрсний бохирдлыг бууруулах туршилт судалгааг газарзүй, геоэкологийн хүрээлэн МУБИС-ийн судлаачидтай хамтран хийсэн байна.
Туршилтын хүрээнд хэсэг газрыг сонгон авч наранцэцэг, эрдэнэшиш тарьжээ. Наранцэцэг тарьсан хэсэгт хөрсний бохирдол 39.1 хувь, эрдэнэшиш тарьсан хэсэгт бохирдол 40.5 хувиар буурсан байна.
Эх сурвалж: БШУЯ