Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн 0214 дүгээр ангийн … дугаар заставт үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын дарга, ахлах ахлагч Г-ыг буудаж амийг нь хөнөөн, буу, 45 ширхэг сумтай оргосон хэрэг энэ сарын 8-ны үдэш гарч, хилийн ойролцоох сумын иргэдийг айдаст автуулаад байв. Харин цагдаа, тагнуул, хил хамгаалах байгууллагынхны хамтарсан ажлын хэсгийнхэн цагийн байдлыг үнэлж, тохирсон үйл ажиллагаа явуулсны дүнд өчигдөр 10.20 цагийн үед ямар нэг эрсдэлгүй саатууллаа.
Тус заставын хугацаат цэргийн алба хаагч, Ховд аймгийн Чандмань сумаас ирсэн, 19 настай Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумаас татагдсан М нар дөрөвдүгээр сарын 8-ны 18.30 цагийн үед дээрх хэргийг үйлдээд зугтсан юм. Улмаар цэргийн албанд хамт ирсэн хоёр байлдагчдаа хандан “Та хоёр “онжав”-ыгаа бид яах ч үгүй” гээд орхиод явсан аж. Тухайн үед нь холбооны хэрэгсэл ажиллагаагүй болсон тул үлдсэн хоёр цэрэг нь отрядын төвдөө болсон явдлыг мэдэгдэхийн тулд явганаар 25 км замж туулж, хугацаа алдан мэдээлэл өгчээ. Цагдаагийн байгууллагад энэ тухай мэдээлэл энэ сарын 8-ны 22.58 цагт ирсэн бөгөөд Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Тусгай хэлтсийн ажилтнууд хэргийн газарт ажилласан юм.
ХХЕГ-ын дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав өнгөрсөн баасан гарагт хэвлэлийнхэнд “Харуулд хамт үүрэг гүйцэтгэж байсан Д, Т нар хилийн отряддаа болсон явдлын талаар мэдэгдсэн. Талийгаач ахлах ахлагч Г цэргийн алба хаагчидтай элэгсэг дотно харилцдаг, тэдэнд зориулж шүлэг зохиож, дуу дуулж өгдөг, ямар нэг дарамт шахалт үзүүлдэггүй байсныг цэргүүд хэлж байгаа. Ноцтой хэрэг өдүүлж оргосон хоёр байлдагч замдаа Алтай сумын Хонхор заг гэдэг газар хаваржиж буй айлаас мотоцикл, боорцог, хүнсний зүйл дээрэмдэж явсан. Нутгийн гүн рүү зугтах замд мотоциклынх нь шатахуун дуусаж орхисон” хэмээн мэдээлсэн юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр гэмт хэрэг өдүүлсэн Х, М нарыг сэтгэл зүйн хувьд тогтворгүй байж болзошгүй хэмээн отрядын сэтгэлзүйч нар нь тодорхойлж, заставын сэтгэл зүй, соёл хүмүүжил хариуцсан орлогч нар анхаарах шаардлагатай гэж дүгнэж байсан аж. Харамсалтай нь, заставын тухайн албан тушаалтан нь цар тахлын улмаас анги, байрлалдаа очиж чадахгүй хөл хоригдсоноос сэтгэл зүйд нь чиглэсэн ажил хийж чадаагүй гэх мэдээлэл байна. Хоёр байлдагчийн нэг нь ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа нэлээд хэдэн танхимын цонхыг ямар нэг шалтгаангүйгээр хагалсан нь сэтгэл зүйн хувьд тогтворгүй гэж үзэх үндэслэл болсон сурагтай. Харин нөгөө нь бусдыг даган дуурайж юу ч хийж болзошгүй гэж отрядын сэтгэлзүйч нар нь дүгнэжээ.
Тэд гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаанаа ар гэрийнхэндээ “Армид дарамт шахалт ихтэй байсан учраас ийм хэрэг хэрэг хийчихлээ” хэмээн тайлбарласан тухай зарим цахим хуудсанд бичиж байна. Бидэнд ирсэн мэдээллээр дээрх хоёр алба хаагч тухайн өдөр харуулд гарч байхдаа байлдааны сумаар бай буудаж дутаасан, дурангаа хагалж гэмтээсэн бөгөөд харуулын дарга нь зэмлэнэ гэдгээс айсандаа уг ноцтой хэргийг өдүүлсэн бололтой. Ингэхдээ харуулын цамхгийн ойролцоогоос нэг нь эхэлж буудаж, онохгүй бол нөгөөх нь үргэлжлүүлэн егүүтгэхээр тохиролцсон байсан гэнэ. Түүгээр ч зогсохгүй дээрх хоёр алба хаагч харуулын байрандаа ирэх ёстой цагаасаа өмнө ирээд уг хэргийг үйлджээ.
Тэд талийгаач ахлах ахлагч Г-ын гар утсыг авч явж байсан агаад түүгээрээ ар гэрийнхэнтэйгээ холбогдож байж. Х, М нарыг Говь-Алтай аймгийн Алтай сумын төвөөс хойш 50 км газар, Бадрал багийн нутагт орших Аж богдын нурууны үргэлжлэл Зөөлөн богд уулнаа бүгж байгааг нь тогтоон ар гэрийнхнийх нь тусламжтайгаар саатуулсан юм. Ингэхдээ Х-гийн ах нь утсаар холбогдон, “Ахлах ахлагч Г амьд байгаа” гэх зэргээр ярилцаж байж бууг нь хаяулж баривчилсан гэнэ. Өдгөө тэднийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсгийн “бүлэглэж, албан үүрэгтэй нь холбогдуулж бусдын амийг бүрэлгэсэн”, 28.2-ын “дарга, захирагчаа эсэргүүцсэн”, 28.5-д заасан “цэргийн албанаас оргон зайлсан”, 28.15-ын “хилийн алба хаах журам зөрчсөн”, 17.2-т заасан “Бусдын эд хөрөнгө дээрэмдсэн” гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон цагдан хорьсон байна. Хэргийн газарт ажилласан МБА, Тусгай хэлтсийнхэн өчигдөр нисдэг тэргээр Улаанбаатарт ирсэн бөгөөд болсон асуудлын талаар өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдад танилцуулах биз ээ.