Ч.Зотол
Монгол Улс арав гаруй оронд суух Элчин сайдаа томилж чадалгүй өнөө хүрэв. Томилгоог яаравчлах нь гадаад харилцааны тулгамдсан асуудал болсон. Нөгөө талаас Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө шийдвэрлэх сонирхол Тэргүүн тэргүүнд, эрх барьж буй МАН-д ч бий гэлцэх болов. “Ерөнхийлөгч яаруулсан”, “МАН-ын бүлэг гацаасан” гэсээр энэ хүрсэн нь ийм учиртай. Ер нь бол манай улсаас 32 улсад Элчин сайдын яам, 14-т нь Ерөнхий консулын газартай. Үүнээс өнгөрсөн онд хугацаа нь дуусгавар болж, хэтэрсэн долоон орон, хугацаа нь болчихсон 10 гаруй орон, нийт 20 гаруй Элчин сайдын асуудлыг УИХ шийдвэрлэх ёстой.
Томилгоог Ерөнхийлөгч яаруулсан уу?
Ерөнхийлөгч хаврын чуулганы өмнөхөн АНУ-д сууж буй Элчин сайд Ё.Отгонбаярыг хүлээсэн үүргээ биелүүлэхгүй аргацааж байна хэмээн эргүүлэн татах санал гаргасан.Үүний өмнө ОХУ-аас Элчин сайд Б.Дэлгэрмааг улс төрийн намын дэд даргаар сонгогдсон шалтгаанаар эргүүлэн татуулсан. Түүнчлэн 2017 онд Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн татах саналыг УИХ-д оруулж байсан. 2018 онд Засгийн газраас Тайландын Вант улсад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарийг, Австрали улсад суух Элчин сайдаар Г.Тэнгэрийг, БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурц нарыг УИХ-аас баталсан ч Ерөнхийлөгч зөвшөөрөөгүй. 2019 онд онд Засгийн газраас Элчин сайд нарын нэрийг дэмжсэн ч Ерөнхийлөгчийн гэх хоёр хүнийг УИХ дахь МАН-ын бүлгээс дэмжээгүй нь БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшсэн Ц.Өнөрзаяа, Энэтхэг Улсад суух Элчин сайдад яригдсан Ч.Бүрэнбаяр нар. Үүнээс үүдэн Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөх саналаа буцаан татсанаар Элчин сайын томилгоо хийгдээгүй. Өнгөрсөн жил зарим Элчин сайдын нэрийг Засгийн газраас өргөн барьсан ч Ерөнхийлөгч мөн л хүлээж аваагүй. Энэ бүхэн нь түүнийг “Өөрийн хүмүүсээ илгээх гэж байна” гэх хардлагыг бий болгосоор ирсэн. Сүүлийн үед Ерөнхийлөгчийн зүгээс Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болоход Засгийн газрын гишүүн, сайд нарыг хүлээж авч уулзахдаа Гадаад харилцааны сайд Батцэцэгт хандан “10 гаруй Элчин сайд томилогдоогүй байгаа асуудлыг яаралтай оруулж ирэх хэрэгтэй. Гадаад харилцааны яам, Монгол Улсыг гадаадад төлөөлж буй Элчин сайд нарын нэр хүнд унасан. Гадаад харилцааны яам, Элчин сайд нар Монгол Улсыг гадаадад төлөөлж байгаа учраас өөрчлөлт хийгээрэй” гэж захисан нь гал дээр тос гэгч болж байх шиг.
“Хонгил”-ын Элчин сайд нарыг илгээх үү…
Үнэндээ бол гадаад оронд сууж буй манай Элчин сайд нарын нэр хүнд сүүлийн жилүүдэд унасан. Энэ нь дипломат харилцаанд бодит аюул болж байна. Иймд Элчин сайдад нэр дэвшүүлсэн, түүнчлэн нэр яригдаж буй хүмүүстэй холбоотой хууль, шүүхийн шатанд шалгаж тогтоох зүйлүүд ихээхэн цаг авч байгаа ажээ. Гэтэл үүнтэй зэрэгцээд Франц улсад суух Элчин сайдаар ажиллаж байсан А.Баттөрийг Ерөнхийлөгч Х.Баттулга эгүүлэн томилох гэж байна гэлцэх болов. Түүний хувьд дипломатчид визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдийн дансанд шилжүүлж, усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авч, мөнгө угаасан байж болзошгүй асуудлууд яригдаж эхэлсэн 2019 оны сүүлчээр Монголд Элчин сайд нарын цугларалтад ирэх үед нь саатуулж хилийн хориг тавьсан. Мөн түүний эхнэрийг Польшийн Цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж буй 50 гаруй монгол иргэний нэг, хар тамихины наймааны хэрэгт буруутгагдаж байгаа гэсэн мэдээллийг тус улсаас Монголын хууль, хяналтын байгууллагуудад мэдэгдсэн байдаг. Гэтэл түүнийг энэ бүх асуудлаа “Хонгил”-ын шүүгч, прокуроруудаар цэгцлүүлж “уснаас хуурай гарч” эргээд Элчин сайдаар томилогдох бэлтгэлээ базааж явна гэцгээж байна. Энэ үнэн бол “Хонгил”-ын сүлжээ Элчин сайд нараар эгнээгээ тэлсэн болохыг шалгаж тогтоох асуудал дахин гарах бололтой. Түүнчлэн АТГ нэг бус Элчин сайдын мэдээллийг шалгаж нягталж байгаагийн дотор Монгол Улсаас Швейцарьт суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэнгийн нэр ч бас дуулдаж байна. Элчин сайдад нэр цэвэр дипломатчийг илгээхийн тулд энэ удаагийн томилгоог хууль хяналтын байгууллагуудын шийдвэр эцэслэх бололтой. Эсвэл “Хонгил”-ын Элчин сайд нартай ч болчихож мэдэх ийм л нөхцөл байдал үүсчээ.
Эх сурвалж: Зууны мэдээ