Шадар сайд С.Амарсайхан “УОК, Засгийн газар шийдвэр гарч, 15 хоногийн хатуу хөл хорионд өнөөдрөөс шилжсэн. Үүнтэй холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх гэж байна. ХӨСҮТ, ЭМЯ-наас холбогдох эрдэмтдийн зөвлөл цаг үеийн эрсдэлийн үнэлгээг хийж, хатуу хөл хорио тогтоох саналаа УОК, Засгийн газраар хэд хэдэн удаа хэлэлцүүлж, шийдвэрээ өнгөрсөн дөрөв дэх өдөр гаргасан. Энэ хүрээнд халдвар хамгааллын дэглэм, вакцинжуулалттай холбоотой асуудлаар тодруулга өгөх гэж байна.
Тархалт эрчимжиж, тохиолдлын тоо нэмэгдэж, эрсдэл бий болсон учраас хатуу хөл хорио тавьсан. Халдварын тархалтыг бууруулах, вакцинжуулалтын ажлын үр дүнг бууруулахгүй байх, хөл хорио тогтсоноос хойш дахин халдварын дэгдэлт бий болгохгүй байх тал дээр бүхий л бололцоог хангах зорилгоор хатуу хөл хорио тогтоож байгаа.
15 хоногийн хугацаанд аль болох хатуу хөл хориог үр дүнтэй өнгөрөөхийг та бүхнээс хүсэж байна. Хөл хорионы үед вакцинжуулалтын ажлыг давхар явуулж болохгүй гэсэн ЭМЯ, салбарын мэргэжилтнүүдийн зөвлөмжийг бид дагаж байгаа. Вакцины нөөц тасраагүй.
Өнөөдрийн байдлаар 192 мянган вакцины нөөц байна. 19 аймагт халдвар бүртгэгдсэн. Вакцинжуулалтыг хатуу хөл хорионы үеэр давхар явуулах нь дэгдэлтийг нэмэгдүүлэх, багадаа 100-150 мянган вакцинд хамрагдах, хөл хөдөлгөөн гээд үүсэх нөхцөл байдлаас шалтгаалан хөл хорион ач холбогдол үгүй болохоор байна” гэлээ.