Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) дэлхийд амьдарч буй зэрлэг амьтдыг хамгаалах талаар бодитой арга хэмжээ авахгүй бол 2020 он гэхэд тэдний 2/3-аас илүү нь устаж үгүй болох аюул нүүрлэж байгааг анхааруулжээ. Тухайлбал, 1970 оноос хойш загас, хоёр нутагтан, сээр нуруутан, хөхтөн болон шувууны 58 хувь нь хорогдсон байна. Ялангуяа ус, намгархаг газрын амьтдын тоо толгой хамгийн ихээр буурсан аж. Зэрлэг амьтдын тоо толгой цөөрч, устах аюулд орж байгаагийн гол шалтгаан нь хүний үйл ажиллагаа, хүрээлэн буй орчны бохирдол, хууль бус ан агнуур, уур амьсгалын өөрчлөлт гэж мэргэжилтнүүд үздэг юм байна.
Манай улс 1973 оны гуравдугаар сарын 3-нд “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай” Вашингтоны конвенцод /CITES/ нэгдсэн байдаг. Тус конвенцид нэгдсэн орнууд 2013 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 3-ныг “Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр” болгон тэмдэглэж, зэрлэг амьтдын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, авран хамгаалах зайлшгүй шаардлага байгааг олон нийтэд ойлгуулах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн байдаг.
Нийслэлийн Байгаль орчны газар (НБОГ) энэ өдрийг угтан “Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр”-ийн хүрээнд элхийн байгаль хамгаалах сантай хамтран “Хавхгүй нийслэл” аяныг эхлүүлжээ. Ногоон бүсийн зэрлэг амьтдыг хавхаар барьж гэмтээдэг, урхи тавьж хууль бусаар агнадаг зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх зорилготой энэхүү аян анх удаа хэрэгжиж байгаа юм байна. Мөн тус газар Гандантэгчинлэн хийд, Бөөгийн нэгдсэн эвлэлтэй хамтран хадгийг модонд зүүж мод гэмтээдэг, байгаль орчныг бохирдуулах явдлаас сэргийлэх зорилготой “Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя”, Шувуу хамгаалах төвтэй хамтран нийслэлд өвөлждөг шувуудын тооллого, шувуу сонирхогчдын танин мэдэхүйн сургалтыг тус тус зохион байгуулжээ. Түүнчлэн ногоон бүсийн зэрлэг амьтдад өвс тэжээл, хужир мараа тавьж өгөх биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлжээ.