-Филипп Корсо ба Розуэллын нисдэг таваг-
1997 оны зун. АНУ-д харь гарагийн холбоо, харь гарагийн соёлыг сонирхдог хэн бүхэнд жинхэнэ дуулиан болсон ном хэвлэгдэж, түүнээс хойш 1997-2004 он хүртэл 20 гаруй удаа дахин хэвлэгдсэн байдаг. Энэ бол АНУ-ын Агаарын цэргийн хүчний дэд хурандаа асан Филипп Корсогийн “Розуэллын дараах өдөр” («The Day After Roswell») хэмээх ном юм.
Өнөөдөр альтернатив чиглэлийн нэр хүндтэй олон судлаач Корсогийн номыг хамгийн ил тод мэдээлэл гажуудуулагч гэдэгт итгэлтэй байдаг. Уильям Куперын санаагаар бол үүн дээр олон тооны номын зохиолчид, нийтлэлчид, кино зохиолчид ажилладаг гэжээ. Эдгээр мэдээлэл гажуудуулагчдын нэг нь АНУ-ын Агаарын цэргийн хүчний дэд хурандаа асан Филипп Корсо хэмээн Купер нэрлээд, түүнд бүр “Капитал худалчийн хүндэт цол” хүртэл хайрлажээ. Энэ жагсаалт дотор АНУ-даа алдартай “нисдэг таваг”-ны мэргэжилтэн гэх Стэнтон Фридманыг ч оруулжээ. Эдгээр худал мэдээлэл түгээгчдийн дунд харь гарагийн соёл иргэншлээс ирэх аюулд үнэхээр чин сэтгэлээсээ итгэж төөрөлддөг цөөн хүн бий гэдэгт Купер итгэдэг байлаа.
«Roswell Daily Record» сонины 1947 оны долдугаар сарын 8-ны алдарт дугаарт “Агаарын цэргийн хүчнийхэн Розуэллын ойролцоох эдлэнгээс нисдэг таваг шүүрэн авлаа. Нисдэг дискний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл алга” гэх гарчигтай мэдээлэл гарчээ. Хэдийгээр Стэнтон Фридмен 1947 оны нэг ч сонины нийтлэлд нисдэг тавагны тухай огт дурдагдаагүй гэсэн боловч ийм л байна.
Харин одоо Корсогийн номондоо эргэн орцгооё. Түүний дурсамж ном худал хуурмагаар дүүрэн гэсэн дүгнэлтийг харь гараг судлаачид гаргахад юу нөлөөлөв? Үнэхээр худал хэрэг үү? Мэдээж энэ мэт асуултууд олон. Корсо үнэхээр Розуэллын үйл явдлын оролцогч байсан уу? Яагаад тэр номоо 50 жилийн дараа бичих болов? Тэр үнэхээр өөрөө дурсамж ном бичсэн нь үнэн үү? Эдгээрийг тодруулах гээд үзье.
Филипп Корсо 1960-аад оны эхээр
Филипп Корсо (Philipp J. Corso; 22.05.1915–16.07.1998)-гийн номонд Америкийн Нью-Мексико мужийн Розуэлл хэмээх жижигхэн хотод 1947 оны долдугаар сард харь гарагийн нисдэг биет унасан нөхцөл байдал, түүнчлэн тэрбээр цэргийн нөхөд, эрдэмтдийн хамт харь гарагийн цогцос, тавагны хэлтэрхий зэргийг хэрхэн судалж байсан талаараа өгүүлдэг.
Корсогийн дурсамж ном АНУ-д жинхэнэ шуугиан тарьж чадсан юм. 1997 оны 7-8 сард, хагас сарын дотор энэ ном “Нью-Йорк таймс” сониноос гаргасан рейтингингээр АНУ-д хамгийн их борлуулалттай номоор шалгарчээ. Корсо дурсамж номноосоо болоод АНУ-ын нэр хүндтэй судлаачид, харь гараг шинжлэлчид гээд олон хүний дайсан болсон юм. Тэдний дунд Стэнтон Фридмен оржээ. Шүүмжлэгчид Корсогийн номыг хий хоосон зүйл, Филипп Корсогийн өгүүллэг бол жинхэнэ худал хуурмаг явдал гэжээ. Гэхдээ олны хүндлэл хүлээсэн, нас дээр гарсан дэд хурандаа яагаад өөрийнхөө хэлснийг үнэн гэж болов? Үүнийг тайлах гээд оролдоод үзье. Корсогийн бичсэн, дурссан зүйлд таавар мэт олон үйл явдал, хар толбо байдаг аж.
Корсогийн хүүрнэснээр бол тэр харь гарагийн нисдэг биетийн техникийн олон сэгийг биеэрээ харсан гэдэг. Корсо мөн сүйрч амиа алдсан харь гарагийн цогцсыг ч харжээ. Үүгээр ч зогсохгүй харь гарагийн нисдэг биетийн сэгийг судлах явцдаа хүн төрөлхтөн (тэр дундаа АНУ-ын цэргийн аж үйлдвэрийн цогцолборынхон) шинэ технологийн зарчмаа олж авсан гэдэг. Тухайлбал, интеграль схем, шилэн кабель, лазер, эгэл бөөмсийн хурдасгуур зэргийг нэрлэжээ.
Тэгвэл Филипп Корсогийн дурсамжийг яагаад шүүмжлэлт судлаачид худал мэдээлэл гэв? Тухайлбал, тэд Корсогийн номонд тодорхой бус олон үйл явдал байна гэжээ. Тухайлбал, огцорсон дэд хурандаа харь гарагийн хүний цогцсыг дүрслэхдээ хүнээс жижиг нуруутай, арьс нь саарал өнгөтэй гэжээ. Харин гарын хуруунуудынх нь тоо нь зөрж байлаа. Корсо харь гарагийн хүнийг гартаа дөрвөн хуруутай гэж бичиж байснаа хэдхэн хуудсын дараа 6 хуруутай гэжээ.
Жозеф Фаррелл (Joseph P. Farrell) хэмээх Америкийн алдарт судлаач, боловсролын физикч “Хонхны ахан дүүс” («SS Brotherhood of the Bell: The Nazi’s Incredible Secret Technology», 2004) номондоо сонирхолтой нэгэн сэдвийн нотолгоо гаргаж ирсэн. Фаррреллын хэлснээр Дэлхийн хоёрдугаар дайн дуусахын алдад Гуравдугаар рейхийн эрдэмтэд шилэн кабелийг хэдийнэ эзэмшчихсэн байсан гэжээ.
Английн сэтгүүлч (Nick Cook) архивын эх сурвалжуудын итгэл дээр тулгуурлан гаргасан “Зеро цэргийн ангуучлал” («The Hunt for Zero Point», 2001) номондоо ч Гуравдугаар рейхийн судалгаа техникийн амжилттай хэдэн зуун мянган патентыг Германы патентын хорооноос АНУ руу зөөвөрлөсөн тухай дурддаг.
Жозеф Фаррелл
Америкийн зохиолч Хенри Стивенс ч “Гитлерийн нисдэг таваг” номынхоо төгсгөлийн бүлэгт дайны дараах АНУ-ын технологийн үсрэнгүй хөгжил ихэнхдээ Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа америкчуудын гарт орсон Германы технологи дээр тулгуурладаг, Германы эрдэмтэд, зохион бүтээгчдийн гавьяа гэж бичжээ.
Филипп Корсогийн дурсамжинд бас нэгэн нөхцөл байдал анхаарал татдаг. Тэрбээр номондоо “Розуэллын харь гарагийн нисдэг биет”-ийг судалгааны хүрээнд хамтран ажилласан эрдэм шинжилгээ, техникийн болон цэргийн мэргэжилтнүүдийнхээ нэрийг нэг бус удаа дурддаг.
Тэдний дунд Натан Туайнинг, Ванневар Буш, Герман Оберт, Вернер фон Браун, Ганс Колер нарын нэр хүндтэй хүмүүс ч оржээ. Асуудлын гол нь энэ ном хэвлэгдээд гарах үед Филипп Корсогийн нэрийг нь дурдсан бүх хүн нөгөө ертөнц рүүгээ одсон байсан юм. Тэгэхээр тэд Корсогийн дурсамжийг батлах юм уу үгүйсгэх боломжгүй байсан гэсэн үг.
Николас Кук
Үүгээр бүх юм дуусахгүй. Филипп Корсо 1947 оны долдугаар сарын 6-нд Жанкшен-Сити хотоос холгүй орших Канзас мужид байрлалтай “Форт Райли” цэргийн баазад байсан гэдэг. Тэрээр автомашин дээрх тусгай чингэлгээр бааз дээр нь харь гарагийн хүний цогцсыг авчирч байхыг биеэрээ харсан гэсэн байна. Корсо түүнийг амьд уу үгүй гэдгийг ойлгоогүй гэжээ. Дурсамжаас үзэхэд Розуэллын ойролцоох АНУ-ын Агаарын цэргийн хүчний баазаас “Форт Райли”-д энэхүү хачирхалтай ачааг авчирсан болж таарах нь. Харин “Форт Райли”-гаас ачааг цаашдын судалгаанд зориулан АНУ-ын Агаарын цэргийн хүчний “Райт-Паттерсон” баазад аваачсан гэжээ.
Корсогийн дурсамж номыг шүүмжлэгчид “Розуэллын харь гарагийн нисдэг биет”-ийг “Эдвардс” агаарын баазын салбар гэх ганцхан л газарт судлах боломжтой гэдэг. Энэ нь Невада мужийн цөлийн хэсэг, Лас-Вегасаас зүүн хойш 100 гаруй км-ийн зайд байрладаг бааз юм. Өөрөөр хэлбэл оньсого, таавраар дүүрэн, нэг бус удаа ном, кинонд гарч байсан өнөөх алдарт “51-р бүс” юм.
Сонирхолтой нь “51-р бүс” байдаг гэдгийг 2013 оны наймдугаар сард л Тагнуулын төв газар нь багахан цухуйлгасан билээ. Олонх судлаачийн хэлснээр энэ “51-р бүс” л Америкийн цэргийнхэн, эрдэмтэд харь гарагийн биет, үлдэгдлийг хадгалж, судалдаг газар гэх.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн олон тооны мэдээлэл, Америкийн судлаачдын 1960-1990-ээд оны нийтлэлүүдээс болоод “51-р бүс”-ийн талаар 1990-ээд оны дунд үед АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Билл Клинтоны сонирхлыг татаж эхэлсэн байдаг. Тухайн үед Клинтоны санаачилгаар АНУ-ын БХЯ-нд АНУ-ын конгрессын дэргэдэх хяналт-санхүүгийн удирдлагын ерөнхий комисс илгээсэн гэх мэдээлэл гарч байсан юм. Шинжээчид хэд хэдэн асуудлаар хариулт авахыг шаардсан байна. “51-р бүс” харь гарагийн биетийн нууц судалгаатай холбоотой юу, үүнийг Америкийн цэргүүд удирддаг уу, эсвэл энэ нь хоосон яриа юу? 1947 оны долдугаар сард Розуэллд яг юу болсон бэ? Цэргийнхэн үнэндээ явуулж буй судалгааныхаа талаар АНУ-ын дээд удирдлагууддаа үнэхээр тайлагнадаггүй юу? Комисс сонирхож байгаа бүх асуудлаараа баримт бичиг, ядаж, хуулбарыг нь авахыг хүсчээ. Гэвч уучлаарай, төлөөлөгчдийг гэнэтийн томоохон үйл явдал хүлээж байлаа.
Учир нь Пентагоны архивт Розуэллийн үйл явдлын талаарх ямар ч баримт бичиг үлдээгүй байна. Ийм баримт “Маш нууц” гэсэн тэмдэглэгээтэйгээр хугацаагүйгээр хадгалагдах ёстой байлаа. Гэтэл Розуэллын баримтыг устгах шийдвэр ч харагдсангүй.
Розуэллын бүсэд 1940-өөд оны хоёр дахь хагаст байсан цэргийн баазуудад алба хашиж байсан бие бүрэлдэхүүний жагсаалт ч олдсонгүй. Ингээд конгрессын хорооны гишүүд Сент-Луис дахь АНУ-ын зэвсэгт хүчний архивт ханджээ. Архивт нь Пентагоны хэрэгцээнд ажиллаж байсан албан болон албан бус ажилтнуудын бүгдийнх нь хувийн хэрэг хадгалагдаж байлаа. Гэтэл тэнд нь 1947-1949 онд Розуэллын ойролцоох цэргийн баазуудад алба хашиж байсан хүмүүстэй холбоотой баримт олдоогүй байна.
Тэгэхээр Филипп Корсо үнэн хэрэгтээ Розуэллын ховор үзмэрийг судалж байсан хүмүүсийн нэг гэх ямар ч баримт байхгүй нь тодорхой байна.