Шүүхийн ерөнхий зөвлөл тогтоол гарган Ерөнхийлөгч Х.Баттулгад Л.Түвшинжаргал гэдэг эмэгтэй Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилох санал хүргүүлснийг хоёр өдрийн өмнө УИХ-ын гишүүн Б.Энхбаяр твиттер хуудастаа дэлгэлээ. Энэ баримт нийгмийн сүлжээнд Ерөнхийлөгчийг “хонгилын шүүх”-ээ өөрийн хүнээр дүүргэх гэсэн анхны бас эцсийн санаархал биш гэсэн сэдэв өрнөхөд хүргэж байна.
Л.Түвшинжаргал гэж хэн бэ?
Энэ хүний нэрийг саяхан АН-ын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ тодорхой дурдсан. Л.Түвшинжаргал бол Ерөнхийлөгчийн шадар туслах, С.Эрдэнээд холбогдох эрүүгийн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч асан Ц.Насанбатын тогтоолыг С.Эрдэнэд өөрийн гараар хүргэн өгч байсан гэгдэх эмэгтэй юм байна.
Л.Түвшинжаргалын тухайд Х.Баттулгыг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад туслахаар нь ажиллаж байсан. 2015-2016 оны үед УИХ-ын гишүүн Х.Баттулга болон УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарыг Төмөр замын хэргээр шалгагдаж байх үед Л.Түвшинжаргалыг Эрүүгийн цагдаагийн газраас саатуулан Ганц худагийн урьдчилан хорих төвд цагдан хорьж байсан.
2016 оны дөрөвдүгээр сард Цагдаагийн тусгай тасгийнхны Баянгол зочид буудалд хийсэн нэгжлэгийн үеэр Л.Түвшинжаргалыг гэрээс нь баривчилж, компани дээрээс нь бүх бичиг баримтыг битүүмжилж байсан аж. Хууль хяналтын байгууллагынхан түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд залилан мэхэлж олсон мөнгөө угаасан хэрэгт буруутгаж байсан юм. Л.Түвшинжаргалын хамт “Натур фрэйндли” компанийн гурван эмэгтэй ажилтныг баривчилж, улсаас таван тэрбум төгрөг шамшигдуулсан гэж үзсэн байдаг.
Б.Баасанцогттой холбоотой хонгилын шүүхийн асуудал хөндөгдөж байгаа энэ үүед Ерөнхийлөгч Х.Баттулга хамгийн ойрын шадар туслахаа Захиргааны хэргийн шүүх рүү зүтгүүлсэн нь цагаа олсонгүй. Ерөнхийлөгч шүүхийг өөрийн хүнээр дүүргэж, хонгилоо бэхлэх гэж байна гэсэн шүүмжлэл дахин өрнөхөд хүргэж эхэллээ.
Б.ИРЭЭДҮЙ