Саяхан нийгмийн цахим сүлжээгээр ерөнхий боловсролын сургуулийн орчинд ахлах ангийнхан нь доод ангийн хүүхдүүдийг дарамталдаг, дээрэнгүй ханддаг явдал ил болж санаанд оромгүй зүйл болсон. Тиймээс өсвөр насны хүүхэдтэй ээж аавууд хүүхдүүдтэйгээ ойр дотно, найз байж тэдэнд тулгарсан асуудлыг хамтдаа шийдвэрлэдэг байхыг мэргэжлийн байгууллагаас нь уриалж байсан. Ер нь ийм төрлийн мэдээллийг түрүүлж олж олонд түгээж өөрийн болон байгууллагын хандалтыг ихэсгэх хандлагатай хэвлэл мэдээллийн байгууллагууд байна. Үүнээс үүдэж тухайн хүүхдийн нэр хүндэд халдаж, амьдралынх нь турш хар толбо үлдээсэн гашуун үнэн олон.
Нийслэлийн хэмжээнд 2019 онд 1418, 2020 онд 432 хүүхэд түр хамгаалах байраар үйлчилгээ авсан байна. Түр хамгаалах байранд нэг хүүхдийг тав хоногийн хугацаатай байрлуулж, үйлчилгээ үзүүлэх зардал 60680 төгрөг аж. Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвд 2020 онд 1326 хүүхэд ирсэн бөгөөд ихэнх нь 10 хоногоос гурван сар хүртэл хугацаагаар байрладаг аж. Хүүхдийн эрх ашигтай холбоотой мэдээлэлд хариуцлагатай хандаж мэдээлэхээс урьдаж мэргэжлийн байгууллагад мэдээлэх үүргээ биелүүлэх хэрэгтэй байгааг Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас байнга уриалсаар байдаг. Учир нь хүчирхийллийн хохирогч хүүхдийн нэр, оршин суугаа хаяг, сургууль, ангийн хувийн мэдээллийг нууцлахгүйгээр олон нийтэд цацах нь их байгаа юм. Тиймээс тус байгууллагаас хүүхдийг нас бие, сэтгэхүйн онцлогт нь тохирсон мэдээ мэдээллээр хангаж ажиллахыг хэвлэл мэдээллийн ажилчдад уриаллаа. Зарим мэргэжилнүүдийн байр суурийг хүргэж байна.
Нийслэлийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн, сэтгэл зүйч Х.Оюунтуяа: Хүүхдийн эрхийн зөрчлийг мэдээлэх нь амь насыг нь аврах хэмжээний үйлдэл.
Хүүхдийг аливаа хэлбэрийн хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах байдлаас хамгаалах нь хүн бүрийн үүрэг. Хэрэв эцэг эх, асран хамгаалагч болон бусад хүн үүргээ биелүүлэхгүй байвал төр оролцдог. Төр оролцоно гэдэг нь хамгаалуулах эрх нь зөрчигдсөн хүүхдэд шаардлагатай үйлчилгээг хууль, журмын дагуу үзүүлнэ гэсэн үг.
Тухайлбал, хүүхэд хүчирхийлэлд өртсөнийг харсан, мэдсэн иргэн мэдээлэх үүргийнхээ дагуу холбогдох мэргэжлийн хүмүүст хэлнэ. Хүүхдээ гэмтээж бэртээсэн, хүчирхийлэл үйлдсэн иргэнийг цагдаагийн ажилтан баривчилж, хохирсон хүүхдэд эмч, эмнэлгийн тусламж үзүүлж, нийгмийн ажилтан хүүхэд гэр бүлийн нөхцөл байдлыг үнэлж, шаардлагатай дэмжлэг тусламжид холбож өгдөг. Өөр өөр үйлчилгээ үзүүлж байгаа эдгээр байгууллага хүүхдийг хамгаалахын тулд нэгдэж хамтран ажиллах шаардлагатай болдог. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо ч чухал юм.
Нийслэлийн ГБХЗХГ-ын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга И.Золдэлгэр “Хүүхдийн зураг тавих нь туслах биш хорлож байгаа хэрэг. Иргэн бүр ухаалаг гар утастай, үндсэндээ хэвлэн нийтлэгч болчихсон цаг үе ирчихлээ. Энэ үед бид аливаад ухаалаг хандахаас өөр арга алга. Хаа тааралдсан газраа ядруу зүдрүү яваа хүүхдийн царайг харуулаад бичлэг хийж, гэрэл зургийг нь цацчихдаг тохиолдол нэлээн гарч байна. Тэр нь нийгмийн сүлжээгээр цацагддаг. Энэ тохиолдолд тухайн иргэний үүрэг юу байсан бэ гэхээр 102 юм уу, 108 руу утасдаж хэлэх үүрэгтэй байдаг. Тохиолдлыг нь аваад үзвэл тухайн хүүхэд ядарсандаа гуйлга гуйгаагүй, ганц удаагийн хүүхдийн болчимгүй үйлдэл ч байж болно. Ийм зүйл ч гарсан удаатай. Тухайн иргэн бичлэг хийж нийгмийн сүлжээнд тарааснаараа тэр хүүхэд цаашид сургуульдаа ч явахад бэрх болно гэдгийг мэддэггүй. Цаашлаад үеийнхэндээ ч ялгаварлан гадуурхагдана.
Сүүлийн үед иргэд ядарсан нэгэндээ хандив тусламж өрнүүлдэг болсон. Энэ нь мэдээж хүн ёсны сайн үйл. Гэвч зураг хөргийг хоол, хүнсний тусламжийг авч байгаагаар нь аваад тусалснаа зарлачихдаг. Энэ төрлийн зөрчил хөл хорионы үеэр нэлээн гарлаа.
Бид ийм зөрчлийн дагуу нэлээн хэдэн иргэнд шаардах бичиг өгсөн байгаа.
Эцэг эх нь ядуу эсвэл архины хамааралтай байлаа гээд хүүхэд тэр замаар явна гэсэн үг биш шүү дээ. Иргэд өөрсдөө ч анзааралгүйгээр ийм хандлагыг хүүхдэд төрүүлдэг, тэр зам руу түлхдэг. Ер нь хүүхдийн эрх гэхээр тусдаа айхтар зүйл биш шүү дээ. Хэрэв миний хүүхэд байсан бол гээд бодоод үзээрэй, эсвэл тэр хүүхдийн оронд өөрийгөө тавиад үзэхэд л ойлгомжтой асуудал юм” гэжээ.
Хүүхэд хамгаалалтай холбоотой хууль эрхийн тухай
- -НҮБ-ын Хүүхдийн эрхийн Конвенц, Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль болон холбогдох журмын хэрэгжилтийг хангах, албан хаагчдад сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгуулах;
- -Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 тоот тогтоолоор батлагдсан “Хүүхэд хамгааллын бодлогын жишиг бичиг баримт”-ыг үндэслэн өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохирсон “Хүүхэд хамгааллын бодлого” боловсруулж, албажуулан хэрэгжүүлэх;
- -Албан хаагчдад хүүхэд хамгааллын ёс зүйн дүрэм танилцуулж, үйл ажиллагаанд нь хэрэгжүүлэх;
- -Хүчирхийллийн хохирогч хүүхдийн нэр, оршин суугаа хаяг, сургууль, анги зэрэг хувийн мэдээллийг нууцлах;
- -Хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн мэдээ, мэдээллийг бэлтгэхдээ мэдээллийн тэнцвэртэй, үнэн бодит байдалд анхааран талуудын байр суурийг тэнцвэртэй хүргэхэд анхаарах;
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин