УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхлээд байна. Яг одоогийн байдлаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Тус хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулж байна.
Тэрбээр “Ерөнхийлөгчөөс 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хориг тавих тухай албан бичиг хүргүүлсэн. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Ш.Цогтоог Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсүгэй гэсэн хоёр дахь хэсэгт, Үндсэн хуулийн 33 дүгээр зүйлийн 1-т заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээний дагуу хэсэгчлэн заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьж байна.
Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуулийн цэц нь 9 гишүүнээс бүрдэнэ. Эдгээрийн гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ 6 жилийн хугацаатайгаар томилно гэж заасан нь Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болж байх ёстой. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилж, чөлөөлөх асуудалд УИХ дур зоргоороо хандаж, Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдох эрхийг эдлэх боломжгүй гэж үзэж байна. Тухайлбал Үндсэн хуулийн гишүүн хууль зөрчвөл анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно гэж заасан” гэлээ.
Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Ш.Цогтоог Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсүгэй гэсэн хоёр дахь хэсэгт хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг АН-ын бүлэг хүлээн авах нь зүйтэй хэмээн үзсэн талаарх дүгнэлтийг тус бүлгийн дарга Д.Ганбат танилцууллаа.
Мөн тэрбээр “Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог Улсын дээд шүүхийн саналаар томилсон тул анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн түүнийг чөлөөлөх хуулийн шаардлага байгаа” гэдгийг хэлэв.
Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж, “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм.
Н.БАТАА