УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг уржигдар мэдэгдэл хийхдээ ойрын хавьтлыг тусгаарлах байранд тусгаарлагдах төлбөрийг иргэн өөрөө төлнө гэж хэлж байсан. Энэ талаар УОК-ын Шуурхай штабаас News.mn сайтад өгсөн мэдээлэлдээ “УОК-ын 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны 31 дүгээр тушаалаар тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журамд өөрчлөлт орсон.
Тушаал батлагдсан өдрөөс хэрэгжиж эхэлнэ. УОК-ын тусгаарлан ажиглах байрны шинэ журмын танилцуулгыг Шуурхай штабын дарга Ц.Ганзориг дарга мэдээлсэн. Тусгаарлах байрны нэг хоногийн төлбөр 50 мянган төгрөг байдаг. Гэхдээ тусгаарлан ажиглах байрны төлбөрийг эцэслэн тогтоогоогүй байгаа бөгөөд зочид буудлуудаас үнийн саналыг авч байгаа” гэдэг мэдээллийг өглөө.
Ойрын хавьтал болсон иргэн гэр бүлдээ халдвар тарааж болзошгүй гэдэг үүднээс тусгаарлан ажиглан байранд долоо хоног байрлах хүсэлтээ гаргавал тусгаарлана. Одоогийн байдлаар ойрын хавьтлуудыг гэртээ 14 хоног, хоёрдогч хавьтлуудыг долоо хоног тусгаарлах зөвлөмжийг эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа. Гэр бүлийн нөхцөл байдлаас шалтгаалан тухай иргэн өөрийн хүсэлтээр тусгаарлан ажиглах байранд байрлах хүсэлтээ гаргавал долоо хоног төлбөртэй тусгаарлана” гэсэн байдаг.
Тэгвэл өчигдөр энэ мэдэгдэлдээ залруулга хийж, дээрх заалт Эрүүл мэндийн тухай хуульд нийцэхгүй тул өөрчилсөн гэлээ.
Шуурхай штабын дарга хурандаа Ц.Ганзориг: Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын 2.1-д “Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр нь тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж долоо хоног тусгаарлан ажиглана” гэсэн заалт дээр өнөөдөр залруулга хийж байна.
Энэ заалт нь Эрүүл мэндийн тухай хуулийн 26.4-ийн 4-т “Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа, гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчин дэгдэлтийн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх буюу төр хариуцна” гэсэн хуулийн заалттай зөрчилдсөн.
Залруулж “Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тандалтын багийн санал эсхүл тухайн хүний хүсэлтийг харгалзан долоо хоног тусгаарлах байранд тусгаарлана” гэж оруулсан. Өөрөөр хэлбэл тусгаарлах байрны зардлыг төр хариуцна, ямар нэг төлбөр төлөхгүй. Эрүүл мэндийн тухай хуультай нийцүүлж өөрчилсөн учир энэ залруулгыг хийж байна гэлээ.
““
Л.Баяр