Санхүүгийн зохицуулах хороо жил бүр үйл ажиллагаагаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд тайлагнах үүрэг хүлээдэг бөгөөд 2020 оны жилийн ажлын тайлангаа Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлж дүгнүүллээ.
Санхүүгийн зохицуулах хороо нь хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд 3260 зохицуулалтын этгээд, 2473 даатгалын төлөөлөгч, нийт 5733 иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд зохицуулалт хяналт тавьж ажилласан. Зохицуулалттай нийт этгээд 2016 оноос хойш 2.5 дахин өссөн байна.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт орж санхүүгийн бус бизнесийн үйл ажиллагааг хянах чиг үүрэг Хороонд ирсэн.
Үүнтэй холбоотойгоор мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд өнгөрсөн онд санхүүгийн бус бизнесийн үл хөдлөх эд хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн арилжааны үйл ажиллагааг зохицуулалтад оруулах бүртгүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.
Мөн ФАТФ-аас өгсөн үүргүүдийг хууль эрх зүйн шинэчлэл, үндэсний эрсдэлийн үнэлгээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, олон нийтэд мэдээлэл түгээх гэсэн 4 чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ авснаар Монгол Улсыг 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар стратегийн дутагдалтай улс орны жагсаалтаас, мөн оны 12 дугаар сарын 09-ний өдөр Европын холбооны Хар жагсааалтаас хасагдахад чухал үүрэг гүйцэтгэсэн.
Тайлант онд санхүүгийн зах зээл ДНБ-ий 15.4 хувьд хүрсэн нь өмнөх оноос 2 пунктээр, 2016 оноос 4.5 пунктээр нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг Хорооны дарга Д.Баярсайхан танилцуулгын үеэр онцолсон юм. Санхүүгийн салбар тус бүрээр 2020 онд хийж хэрэгжүүлсэн онцлох зарим ажлаас дурдвал, Хөрөнгийн зах зээл: 2019 оноос 12.5 хувиар өсөж 3.0 их наяд төгрөгт хүрлээ.
Нийт арилжааны хэмжээ 65.4 тэрбум төгрөгт, хөрвөх чадварын хэмжээ 18 хувьд хүрсэн. Нийт арилжааны 82.5 хувийг хувьцаа, 7.8 хувийг хөрөнгө оруулалтын сан, 8.9 хувийг компанийн бонд, 0.9 хувийг Засгийн газрын үнэт цаас тус тус бүрдүүлж байна.
Даатгалын зах зээл: Даатгалын хураамж өмнөх оноос 2.5 хувиар өсөж 201.5 тэрбум төгрөгт, нөөц сан 4.8 хувиар өсөж 173.5 тэрбум төгрөгт хүрч, нөхөн төлбөрт 59.8 тэрбум төгрөг зарцуулжээ. Даатгалын хүртээмжийг хэмждэг даатгалын гүнзгийрэлт 0.57 хувьд хүрч өмнөх оноос 0.01 пунктээр, даатгалын нягтрал 61,117.0 төгрөг болж өмнөх оноос 0.7 хувиар өссөн.
Банк бус санхүүгийн байгууллаг /ББСБ/-ын салбар: Байгууллагуудын нийт хөрөнгө өмнөх оноос 16.0 хувиар өсөж 2.0 их наяд төгрөгт, салбарын харилцагчдын тоо 2.8 саяд, зээлдэгчдийн тоо 1.9 дахин өсөж 788.1 мянгад хүрсэн нь санхүүгийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ уг салбарт хурдацтай нэвтэрсэнтэй холбоотой. Харилцагчдын 88.4 хувь нь зээлдэгчдийн 40.0 хувь нь финтекийн үйлчилгээ авсан. ББСБ-дын зээлийн өрийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд 84.8 хувь нь хэвийн зээл байна.
Хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/: Салбарын нийт хөрөнгө өмнөх оноос 15.0 хувиар өсөж 256.0 тэрбум төгрөгт хүрсэн. ХЗХ-дын нийт гишүүдийн тоо 2020 онд өмнөх оноос 2.4 хувиар өсөж 72,651 болсон.
Санхүүгийн бус бизнесийн салбар: Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын 167 компани 2020 онд тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлсэн ба нийт 610.3 мянган м.кв талбай, 281.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлуулан худалдаж, худалдан авч, шилжүүлсэн бол нийт 88.6 мянган м.кв талбай, 39.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хөлслүүлж, түрээслүүлжээ.
Харин үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжааны 30 хуулийн этгээд, 399 иргэн тусгай зөвшөөрөлтэйгөөр 2020 онд үйл ажиллагаа явуулж, үнэт металл, үнэт эдлэлийн 577.0 тэрбум төгрөгийн худалдах, 624.2 тэрбум төгрөгийн худалдан авах арилжаа хийсэн юм.
Өнгөрсөн онд цар тахлаас шалтгаалж санхүүгийн зах зээлд эрсдэлтэй, амаргүй нөхцөл байдал тулгарсан ч УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Коронавируст халдвар /зовид-19/-ын цар тахлын үед санхүү эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим жилжилт хийх”, 21 дүгээр тогтоолоор баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр Хороо хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
Тухайлбал, Хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор хаалттай өрийн хэрэгслийг арилжаалах, нийтэд санал болгон гаргах үнэт цаасны шаардлага, шалгуурыг хангахад хүндрэлтэй байгаа жижиг, дунд үйлдвэрлэгч нарт биржийн бус зах зээлээс санхүүжилт босгох “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталж, санхүүжилт босгох таатай нөхцөлийг бүрдүүлсэн.
Түүнчлэн үнэт цаасны давхар бүртгэлийн систем буюу хоёр биржийн хооронд үнэт цаасыг чөлөөтэй хөрвүүлж, арилжаалах орчинг бүрдүүлснээр анх удаа зах зээлийн үнэлгээ 3.0 их наяд төгрөгт хүрсэн. Мөн энэ он гарсаар Монгол Улсад анх удаа олон нийтэд нээлттэй арилжаалах хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэхийн зэрэгцээ Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК (ERDN)-ийн тодорхой хувьцааг Канадын хөрөнгийн бирж рүү амжилттай хөрвүүлж хөрөнгийн зах зээлийн хөгжилд шинэ хуудас нээсэн үйл явдал болсон.
Цаашид ч хөрөнгө оруулагчдыг хөрөнгийн зах зээл рүү татахын тулд юуны түрүүнд хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн орчныг сайжруулж хуулийн этгээдийн олон сонголтод хэлбэрийг бий болгох, түүнчлэн манай улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд томоохон нөлөө үзүүлж чадах зээлжих зэрэглэл өндөртэй олон улсын томоохон санхүүгийн байгууллагуудыг зах зээлд татан оролцуулж, хөрөнгө оруулахад дэмжлэг үзүүлэх чиглэлд ажиллана гэдгээ Хорооны дарга Д.Баярсайхан танилцуулсан юм.
Тайлантай холбоотойгоор Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, байнгын хорооны гишүүн Т.Доржханд, Д.Батлут, М.Оюунчимэг нар асуулт асууж, салбарын хууль, эрх зүйн өөрчлөлтийг цаашид гүнзгийрүүлэх, шаардлагатай хуулиудыг хугацаа алдалгүй батлан гаргах, хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээлийг хурдацтай хөгжүүлэх хөгжлийн оновчтой бодлого явуулах чиглэлийн хүрээнд Хорооны удирдлагуудаас хариулт, тайлбар авч, санал бодлоо хэллээ.
Санхүүгийн зохицуулах хороо