Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болоход хоёр, нэр дэвшигчид тодроход сар гаруйн хугацаа үлдлээ. Хоёр жилийн өмнө Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд явуулах Ерөнхийлөгчийн анхны сонгууль энэ болох юм. Өнгөрсөн оны тавдугаар сарын 25-наас мөрдөж эхэлсэн Үндсэн хуулийн 30.2-т “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан. Тэгвэл одоогийн Төрийн тэргүүн болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших боломжтой эсэх талаар хуульч Б.МЭРГЭНТЭЙ ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодроход сар хүрэхгүй хугацаа үлдсэнтэй холбоотойгоор өмнөх Ерөнхийлөгч нар, тэр дундаа одоогийн Төрийн тэргүүн дахин нэр дэвших боломжтой эсэх маргаан идэвхжиж эхэллээ. Энэ тухайд та ямар байр суурьтай байна вэ?
-Хуульч, судлаачид төдийгүй мэргэжлийн хүмүүс өөрсдийн мэдлэг, хууль зүйн онол, арга зүйн хүрээнд хөндлөнгийн байр сууринаас хандаж өөр өөр тайлбар хийж байна. Туйлын үнэн гэж байхгүй учраас эдгээрийг зөв, буруу гэж дүгнэх аргагүй. Энэ олон талын байр суурийг ажиглахаар дийлэнх олонх нь ерөөсөө Ерөнхийлөгчөөр ажилласан л бол дахин нэр дэвших эрхгүй гэдэг талд байдаг. Эцсийн дүндээ талууд өөр өөрсдийн өнцгөөр хууль тайлбарлаж байгаа болохоос шийдвэр гаргадаг субьект биш. Энэ тухайд Үндсэн хуулийн Цэцэд очсон гомдлыг хэрхэн шийдэхээс авахуулаад нэр дэвшигчдийг СЕХ бүртгэх эсэхийг эрх бүхий байгууллагууд шийдээд явах байх. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд Х.Баттулга гэдэг хүн энэ цаг үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа учраас түүн дээр фокуслаж яриа үүсээд байгаа болохоос зөвхөн энэ хүнийг яриад байгаа юм биш. Өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүсийн эрх ашиг ч сөхөгдөж байгаа юм. Цаашлаад өөрчлөөгүй байх үеийн Үндсэн хуулиар нэр дэвших боломжоо хангаад, эрх нь үүсчихсэн байсан хэдэн арван хүний эрхийг ч хөндөж болох асуудал. Зөвхөн нэг удаа сонгоно гэж зааснаас үүдээд хоёр удаа сонгогдсон хүмүүсийн хувьд боломж хаагдсан ч нэг удаа сонгогдоод ажиллачихсан хүмүүс бас бий. Асуудал ганц Х.Баттулгад байгаа юм биш гэдгийг дахин тодотгоё. Миний хувьд нэг, хоёр удаа Төрийн тэргүүнээр сонгогдсон, одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бүх хүн Үндсэн хуульд 2019 онд оруулсан өөрчлөлтийн дагуу дахин нэр дэвших эрхгүй гэж үздэг. Үндсэн хуулийг хоёр жилийн өмнө өөрчлөөд эцсийн хувилбарыг нь олон нийтэд ил болгосон цагаас л Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхтэй эсэх нь маргаан дагуулах сэдэв болчихлоо гэдгийг хэлж байсан. Ерөнхийлөгчийн сонгууль дөхөхөөс өмнө хуульч, судлаачдын зүгээс эртхэн байр сууриа илэрхийлээд нэг талд гаргахгүй бол дуусахгүй маргаан болох нь тодорхой байсан ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ сэдвийг орхисон байж байгаад сонгууль дөхөхтэй зэрэгцээд асуудал босоод ирлээ.
-Үндсэн хуулийг өөрчлөхдөө Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших боломжтой эсэхийг хоёрдмол утгатайгаар тусгасан хэрэг үү. Тухайн үед нэг талын ойлголттой болоогүй учраас одоо маргааны сэдэв болчихов уу?
-Энэ асуудлаар тайлбар хийж буй талууд хэлэхдээ “Ойлгомжтой шүү дээ, маргаад байх шаардлагагүй, дэвших эрхтэй” гэж байгаа бол нөгөө талд “Ойлгомжтой шүү дээ, дэвших эрхгүй” гээд байгаа юм. Миний хувьд ойлгомжтой шүү дээ, дэвших эрхгүй гэдэг талаас тайлбарлана. Энэ бол маргаад байх сэдэв биш. Яагаад гэхээр Үндсэн хуулийн 30.2-т “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан. Зургаан жилээр, зөвхөн нэг удаа гэдэг өгүүлбэр өөрөө дахихгүй шүү гэдгийг тодорхой хэлээд өгчихөж байгаа буюу ойлгомжтой байгаа биз. Протоколд үлдсэн байгаа, хууль тайлбарлах тухайд маргаан үүсвэл протоколыг сөхөж үзээд тайлбарлаж болдог. Цэцэд маргаан үүсвэл тухайн үед тухайн хуулийг ямар үзэл баримтлалаар баталсан бэ гэдгийг протокол харж байж шийдвэрлэдэг арга зүйг хамгийн түгээмэл хэрэглэдэг. Тухайн үед хууль баталсан хүмүүс хэлнэ шүү дээ. Энэ хуулийг анх ийм үзэл баримтлалаар баталсан юм байна гэдэг нь протоколоос тодорхой харагдана гэсэн үг.
Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхтэй эсэх тухайд хэрхэн ярилцаж байсан талаарх түүхчилсэн мэдээллүүдийг аваад үзэхээр “Дахин нэр дэвших боломжгүй шүү” гэдэг агуулгаар баталсан байдаг.
-Мөрдөх хугацаа 2025 он байсныг 2021 болгосон нь ямар учиртай өөрчлөлт болсон юм бэ?
-Тухайн үед Х.Баттулга гэдэг хүний эрх ашиг хөндөгдөнө гэдгийг бүгдээрээ мэдэж байсан учраас тухайлж хэлэлцсэн. Үүний нэг жишээ нь Үндсэн хуульд Ерөнхийлөгчтэй холбоотойгоор оруулсан заалтыг 2025 оноос мөрдөнө гэж оруулсан байсан. Гэтэл тэр заалтын мөрдөх хугацааны тухайд Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилга гаргаснаар 2021 он болгож нааш татсан юм шүү дээ. Бүр тодруулбал, тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 2021 оноос мөрдье гэж хэлээд нааш нь татуулж байв. Энэ заалтыг мөрдөөд эхлэхээр маргаан үүсэх нь гарцаагүй гэж үзсэн байх нь байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, одоогийн Ерөнхийлөгч миний сонгох, сонгогдох эрхийг хааж болохгүй гэнэ. Тийм ч учраас байр суурийг нь заавал сонсох ёстой гэж үзсэн хэрэг. Ерөөсөө одоогийн Ерөнхийлөгчид зориулаад 2025 оноос мөрдье гэж оруулж ирсэн юм шүү дээ. Тамгын газрын дарга З.Энхболд нь ийм санаачилга гаргасан ч гэлээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөлгүйгээр оруулж ирсэн байж таарахгүй буюу Х.Баттулга Ерөнхийлөгчийн байр суурь л гэж ойлгоно. Үндсэн хууль бол гол суурь баримт бичиг учраас тийм амар баталчихдаггүй. Ердийн хууль шиг 50+1 гэдэг байдлаар батлахгүй. 51 ба түүнээс дээш тооны гишүүн гарын үсгээ зурж байж батална. Энэ тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн оролцоо өндөр байж Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталдаг. Яагаад гэвэл жишээлбэл, Төрийн тэргүүнд хориг тавих эрх нь бий. Нөгөөтэйгүүр ердийн хуулийг УИХ-ын дарга ёсчилж баталдаг бол Үндсэн хуулийг Ерөнхийлөгч гарын үсэг зурж нотлон ёсчилсноор баталдаг. Ийм л учраас одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгад шинэ заалт хэрхэн үйлчлэхийг тухайлан хэлэлцээд 2025 оноос биш 2021 оноос гэдэг санал оруулж ирснийг нь дэмжээд явсан. Ерөнхийлөгч Х.Баттулга ингэж Үндсэн хуулиа баталчихаад одоо үүнийхээ эсрэг маргаад байгаа нь үндэслэлгүй юм.
-Тэгэхээр Ерөнхийлөгч хэдхэн жилийн өмнөх байр сууринаасаа ухарсан, үзэл бодлынхоо эсрэг болчихож гэж ойлгох уу. Өөртэй нь хамааралтай буюу эрх ашиг бүхий мэдээллийг Цэц хянаж байхад биечлэн очсон зэргээс харвал Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших сонирхолтой байна гэж харагдаад байгаа юм л даа?
-Үндсэн Хуулийн Цэц маргааныг хэрхэн шийдвэрлэхийг хэлж мэдэхгүй байна. Цэцэд үүсгэсэн маргааны үндэслэл нь Үндсэн хуулиа өөрчлөхдөө дахин нэр дэвших эрхгүй гэдэг байдлаар бичиж томьёолсон нь ойлгомжтой байхад Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа яагаад энэ заалтаа оруулаагүй юм, энэ чинь Үндсэн хуульч зөрчөөд байна буюу эс үйлдэхүй гаргасан байна, тиймээс Үндсэн хуульд нийцүүлж өгөөч гэж л Цэцэд мэдээлэл гаргасан. Цэц ямартай ч маргаан үүсгэсэн. Магадгүй Цэцээс маргааныг эцэслээд, Үндсэн хууль зөрчсөн нь үнэн байна, нэг л удаа сонгогдоно гэдгийг хуульдаа тусгаж өг гээд шийдчихвэл өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших эрхгүй гээд нэг талдаа гаргахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр Цэц эцсийн шийдвэрийг гаргах байх. Харин Цэц үүсгэсэн маргааныг хүчингүй болгоод ямар нэг шийдвэр гаргахгүй бол дараагийн алхам нь СЕХ болж таарах болов уу. Х.Баттулга Ерөнхийлөгч нэр дэвшинэ гэчихвэл СЕХ хэрхэн хүлээн авч, хуулийг хэрхэн тайлбарлахаас бүх зүйл шалтгаална.
-Нөгөө талд өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нарын эрх зүйн байдлыг дордуулж болохгүй гэдэг тайлбар бас өрнөдөг?
-Хууль буцаан хэрэглэх асуудал бол эрүүгийн эрх зүйн онолын хүрээнд л яригддаг гэдэгт олонх хуульч байр суурь нэгтэй байдаг. Яагаад гэвэл, өчигдөр гэмт хэрэг биш байсан үйлдлийг нэг хүнд ял өгөхийн тулд маргааш гэмт хэрэг болгож байгаад ял өгчихөж болохгүй. Эсвэл өчигдөр үйлдсэн гэмт хэрэг нь маргааш гэмт хэрэг биш болчихвол өмнөх хуулиа хэрэглэж ял өгч болохгүй. Эсвэл аль ч хуульд гэмт хэрэг нь байгаа мөртлөө хаана нь бага ялтай байна, түүгээр нь зүйлчилж ял онооно буюу эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ, дордуулж болохгүй гэж үздэг. Шинээр хууль үйлчилж байгаа үед шүүх хэргийг шийдэж байгаа ч хуучин хууль нь ашигтай бол буцаан хэрэглэнэ. Энэ бол эрүүгийн эрх зүйд хэрэглэдэг зарчим. Харин өөр буюу Захиргаа юм уу Үндсэн хуулийн эрх зүйд яригдахгүй гэдэг. Тэгэхээр өмнөх хуулиар Ерөнхийлөгч байсан хүмүүсийг тооцохгүй, дахиад шинээр эхэлнэ гэдэг тайлбар дээрх жишээгээр үгүйсгэгдэж байгаа биз. Би бол ингэж тайлбарлана. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч П.Очирбатыг жишээ татаж ярьдаг. П.Очирбат гуайн хувьд одоогийн Үндсэн хуулиас өмнө буюу 1990 онд АИХ, Улсын Бага Хурлын тогтоолоор Ерөнхийлөгч болж байсан бол 1993 онд бүх ард түмний дунд явуулсан сонгуулийн дүнд дахин Ерөнхийлөгч болсон. Ингээд 1997 онд Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихэд маргаан үүссэнээр Цэцэд очсон байдаг. Цэцээс гурав дахиа нэр дэвшлээ гэж үзэхгүй гэж үзээд нэр дэвших эрхтэй гэж шийдвэрлэж байсан. Тэгээд ч тухайн үеийг одоогийнхтой харьцуулах аргагүй юм. Адаглаад улсын нэр хүртэл БНМАУ байлаа шүү дээ. 1992 онд шинэ Үндсэн хуультай болсноор Монгол Улс болсон. П.Очирбат гэдэг хүн социалиаст нийгмийн үед Ерөнхийлөгч байсан бол 1992 онд Үндсэн хуулиа шинэчилснээр хууль эрх зүйн орчин үндсэндээ шинэчлэгдэж байв. Энэ жишээг татаад одоо Х.Баттулга дахин нэр дэвшиж болно гээд байдаг. Гэтэл нийгмийн тогтолцооны өөрчлөлт болсон, эсвэл нөхцөл байдал шинээр эхэлсэн зүйл байхгүй, 1992 оны Үндсэн хуулиа л өөрчилсөн. Үүн дээр нэмээд хэлэхэд, одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвшвэл зургаан жил гэдэг хугацаа алдагдаад 4+6 буюу 10 жил болно. Тодорхой хүнд зориулж хууль баталсан юм огт биш гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа юм.
-Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин дэвших эрхтэй эсэх мэдээлэл Цэцэд хүрсний дараа Х.Баттулга Ерөнхийлөгч маш хүчтэй реакц үзүүлсэн. Харин энэ процессыг хуульч судлаачдын зүгээс Цэцэд нөлөөлөх гэсэн оролдлого гэж дүгнэсэн. Өөртэй нь хамаарал бүхий мэдээлэл Цэцэд очоод, маргаан үүсгэсэн байтал Ерөнхийлөгч биечлэн очсоныг та хувьдаа хэрхэн дүгнэсэн бэ?
-Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн ч бай аливаа байгууллагын үйл ажиллагаатай танилцахаар эсвэл хэн нэгэнтэй уулзахаар очиход ямар нэгэн саадгүйгээр нэвтрэх эрхтэй. Энэ утгаараа Ерөнхийлөгч Цэцэд биечлэн очиж болохгүй гэсэн зүйл байхгүй.
Ерөнхийлөгч өөрөө тайлбарлахдаа “Д.Солонго гишүүн маргаан үүсгэхдээ таны эрх ашиг хөндөгдөж магадгүй гэсэн учраас очсон” гээд байгаа. Гэтэл тэр тайлбарыг ямар ч хэлбэрээр Цэцэд хүргүүлж болно. Төрийн албаны шуудан эсвэл Тамгын газраараа төлөөлүүлэх гэх мэтээр хүргүүлэх боломжтой.
Үндсэн хуулийн Цэцэд Ерөнхийлөгч очиж байгаагүй. Ялангуяа өмнөх Ерөнхийлөгч нар очиж байсан тохиолдлыг мэдэхгүй юм. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн Газрын гишүүн, ерөөсөө ямар ч албан тушаалтан шүүн таслах ажиллагаа явуулахад хөндлөнгөөс оролцож болохгүй гэсэн заалт Үндсэн хуульд бий. Гэхдээ яах вэ, Цэц шүүх мөн эсэх тухайд маргаан байдаг ч нэг талдаа гарчихсан асуудал. Ерөөсөө шүүхэд нөлөөлөх гэдэг нь янз бүрийн бичиг илгээх эсвэл авлига өгөх юмуу дарамтлаад байхыг хэлэхгүй. Нөлөөллийг ямар ч байдлаар үзүүлж болно. Ерөнхийлөгч биечилж очоод л Цэцийн дарга нь гишүүдтэйгээ гарч ирж угтаж аваад байна шүү дээ. Энэ бол нөлөөлөх гээд байгаа оролдлого юм биш үү гэж харсан. Албан тушаалын сүр хүчийг үзүүлээд байгаа ч юм шиг, миний асуудлыг аятайхан шийдээрэй гээд байгаа ч юм шиг. Түүнээс өмнө ч Ерөнхийлөгч Цэцийн гишүүдийг нэг нэгээр нь дуудаж уулзжээ гэх мэдээлэл ч гарч байлаа шүү дээ.
-Ерөнхийлөгч ингэж Цэцэд очсоны дараа Цэцийн гишүүн Д.Солонго маргаан үүсгэсэн байсныг Б.Буяндэлгэр гишүүн эсэргүүцээд хүчингүй болгочихсон. Энэ нь Ерөнхийлөгчийн нөлөөлөл орохвий гэх хардлагыг баталгаажуулчих шиг боллоо. Нөгөөтэйгүүр Цэцийн гишүүдийн хараат бус байдал хааччихав?
-Цэцийн аль нэг гишүүн маргаан үүсгэсэн тохиолдолд нөгөө гишүүн нь санал гаргаад Бага суудлын хуралдаан хийлгэж болохгүй гэсэн зүйл байхгүй. Гэхдээ энэ нь практикт анх удаа боллоо. Энэ заалтыг эргэж харах хэрэгтэй гэж би хувьдаа бодсон. Яагаад гэхээр ердийн шүүхээр жишээлээд үзэхээр нэг шүүгч маргаан үүсгэсэн байхад өөр шүүгч орж ирээд татгалзана гэдэг нь логик уялдаа холбоогоороо ч буруу л зүйл. Шүүхийн тогтолцооны хүрээнд дээд шатны шүүх нь л тухайн маргаантай холбоотой асуудлыг шийдэх эрхтэй болохоос адилхан түвшинд буюу хэвтээ тогтолцоонд байгаа хүмүүс бие биеийнхээ асуудлыг сөргүүлж тавих нь байж болохгүй зүйл. Үүнийг харин улс төрийн өнцгөөс нь харвал Б.Буяндэлгэр гишүүнийг хэн санал болгож томилсон бэ гэхээр Ерөнхийлөгч байдаг. Гэтэл Ерөнхийлөгчийн томилсон хүнээр өөрийнх нь асуудлыг шийдүүлэх гэж байна уу гэж хардахаар. Нөгөө талаас Б.Буяндэлгэрийн гаргасан саналыг шийдсэн гишүүдийн нэг болох Ш.Цогтоогоос мэдээлэл гаргасан иргэд татгалзах хүсэлт тавьсан байдаг. Учир нь, энэ хүн нь тодорхой нотлох баримтын үндсэн дээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамаарал бүхий буюу ашиг сонирхолтой юм байна гэж үзээд татгалзсах хүсэлт гаргасан ч хангаагүй юм билээ. Хачирхалтай нь, Цэцийн шийдвэр одоо ч эргэлзээтэй. Бага суудлын болсон ч юм шиг, үгүй ч юм шиг. Нэг талд Бага суудлын хуралдаан болсон ч нэг гишүүн гарын үсэг зурахгүй байна гэх. Нөгөө талд Цэцийн Хэвлэлийн албанаас гэж байгаад тараасан мэдээний агуулга нь Бага суудлын хуралдаан үргэлжилж байна гэдэг. Ийм л тодорхойгүй байдалтай байна.
-Ерөнхийлөгчийн үйлдэхүй, эс үйлдэхүйг харахаар сонгуульд нэр дэвших асар их сонирхолтой. Тийм ч учраас Цэцэд нөлөөлөх оролдлого хийлээ гэж олон хүн дүгнэсэн. Үүнийг батлах мэт Цэцийн гишүүний нөхөн томилгоонд хүртэл хориг тавьчихлаа. Сонирхолтой нь, эдгээр процесс практикт анх удаа болоод байгааг санамсаргүй үйлдэл гэж харах боломжгүй юм шиг?
-Ерөнхийлөгч маань хуульч судлаачид төдийгүй массыг хоёр хуваагаад маргаантай асуудал үүсгэчихээд байна. Тухайлбал, Ерөнхийлөгч Цэцийн гишүүний томилгоонд хориг тавих эрхтэй, эрхгүй гээд маргаад эхэлчихлээ шүү дээ. Үндсэн хуулиа харахаар “Ерөнхийлөгч УИХ-аас баталсан хууль, бусад шийдвэрт хориг тавих эрхтэй” гэж заасан байдаг. Бусад шийдвэр гэдэг нь тогтоол. Үндсэн хуулийн Цэцийн гишүүний томилгоог УИХ тогтоолоор баталгаажуулдаг. Энэ талаас нь авч үзвэл Үндсэн хуульд нийцэхээр харагдана. Харин нөгөө талаас нь авч үзвэл бусад шийдвэр гэдэгт томилгоо орохгүй гээд байгаа юм. Ерөөсөө УИХ-ын томилгоо бүрд Ерөнхийлөгч хориг тавиад байвал бүтэхгүй гэх тайлбар хийж байна. Энэ агуулгаар харсан ч Ерөнхийлөгч томилгоонд хориг тавих нь зохимжгүй гэдэг. Ерөнхийлөгчийн хориг дахиад л талцал хуваагдалд хүргэж байна, талуудын байр суурь ийм байна. Миний хувьд аль нэг талд нь хатуу зогссон зүйлгүй байна.
Харин хамгийн ойлгомжтой зүйл нь Х.Баттулга гэдэг хүний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй гэдэг нь маргаангүй. Дахин нэр дэвшихгүй гэж заасан Үндсэн хуулийг өөрөө хүлээн зөвшөөрөөд ёсчилсон хүн шүү дээ.
Нотолж гарын үсэг зурчихаад одоо яагаад маргаан үүсгээд байгаа юм бэ л гэж асуумаар байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин