Өмнөд Солонгосын LG Electronics Inc. корпораци алдагдалтай ажиллагаа, өндөр өрсөлдөөн зэргээс болоод гар утасны зах зээлээс гарч байгаагаа зарласныг Yonhap агентлаг даваа гарагт дамжуулжээ.
Компани гар утасны үйлдвэрлэлээ Вьетнамын Vingroup, Германы Volkswagen автоконцернд зарах тухай ярилцаж байсан боловч гэрээ байгуулж чадаагүй аж.
LG-ийн гар утасны бизнес 2015 оноос хойш алдагдалтай ажиллаж ирсэн бөгөөд өнгөрсөн онд нийт алдагдал нь 4,4 тэрбум ам.доллар болжээ.
LG гар утас үйлдвэрлэлээ зогсоох төлөвлөгөөтэй байгаа нь өнгөрсөн сарын 22-нд ил болжээ. Тус компани уян дэлгэцтэй гар утас үйлдвэрлэлээ хэдийнээ зогсоож, энэ оны эхний хагаст танилцуулахаар төлөвлөөд байсан шинэ ухаалаг гар утаснуудаа бүгдийг нь цуцалсан байна.
LG Group нь Өмнөд Солонгостоо 4-т ордог санхүү-үйлдвэрлэлийн групп юм. Компанийн үндсэн чиглэл нь цахилгаан бараа, химийн бүтээгдэхүүн, харилцаа холбооны тоног төхөөрөмж юм байна.
Эх сурвалж: Iz.ru
Орчуулагч: Марта