Ховд аймгийн Дөргөн сумын иргэн, идэвхтэн байгаль хамгаалагч Н.Мөнхтөр өвчний улмаас байгальд амьдрах чадваргүй болсон янгир ямааг олж, эмчлэн эдгээжээ.
Тэрбээр анх гуравдугаар сарын 18-ны өдөр Дөргөн сумын Агваш багийн нутаг дэвсгэрээс хоёр нүд нь гэмтэж, өвдсөн 4-5 орчим настай янгир (эм) олсон байна. Улмаар гэртээ авч ирж, малын эмч, мэргэжилтнүүдийн зөвлөгөөний дагуу эмчилгээ хийжээ.
Ингээд бүрэн эдгэрсэн янгирыг дөрөвдүгээр сарын 02-ны өдөр эх байгаль, ижил сүрэгт нь нийлүүлэн тавьсан байна. Янгир нэлээд догшин байсан тул хоёр бог мал (ямаа)-тай хамт хашаанд байлгаж, ус, тэжээл өгч байжээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын 13-14-ний өдөр Дөргөн сумын нутагт хүчтэй шороон шуурга шуурсан. Тухайн үед цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан янгирын нүд гэмтсэн, өвдсөн байх гэсэн таамаглалыг зарим байгаль хамгаалагч хэллээ. Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт ойролцоогоор 100 гаруй тоо толгой янгир бий.
Ховд аймаг : МОНЦАМЭ