Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Энигма” компанийг шүүхэд өгнө гэж мэдэгдлээ.
Тэрээр өөрийн цахим хуудастаа “Байгаль орчныг бохирдуулсан, газрын төлбөр төлөөгүй, их хэмжээний газрыг хөрсний доройтол, байгаль орчны бохирдолд оруулсан гэдэг үндэслэлийг хууль зүйн талаас нь гаргаж, “Энигма” компанийг шүүхэд өгнө. Энэ компаниас айгаад байх шаардлага байхгүй. Үүнээс цаадахтай ч уул уурхайд үзэж явсан юм. Төр юмаа мэддэг байх ёстой.
Дархан цаазат Богд уул ийм байгаа нь нүдний булай. Айж, ичих юм байхгүй. Төр, хотын захиргаа хийх ёстой зүйлээ хийнэ, стандартаа тогтооно. Нийтийн эдэлбэр газрын төлөө, нийтийн төлөө бүх хүчээ зориулж, ажлаа хийх ёстой. Эргэлзэх, эмээх зүйл байхгүй. Шийдвэртэй арга хэмжээ авна. Компанид нь, БОАЖЯ-нд мэдэгдэл хүргүүлнэ. Шаардлагатай бол Засгийн газрын хуралдаанаар, УИХ-аар оруулж шийдвэрлүүлнэ” гэсэн байна.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Богд уул, Туул голын эрэг дагуух тохижилтын ажлыг өнөөдрөөс эхлүүлэн, чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийг холбогдох газруудад үүрэгдээд байгаа юм.
Б.Эрдэнэ