Сүүлийн гурван өдөр дараалж нас баралт бүртгэгдлээ. Өвчлөл нэмэгдэж байгаагийн хэрээр нас барах эрсдэл ч нэмэгдэж байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 2,119 хүнээс биеийн байдал нь маш хүнд хүний тоо 12 болж өсжээ. Коронавирусийн халдвар ингэж олон тоогоор бүртгэгдэхээс өмнө маш хүнд хүний тоо 1-3 л байдаг байсан бол өнөөдөр хэд дахин нэмэгдсэн байна.
Энэ хэрээр нас барах эрсдэл улам нэмэгдэж буй. Тиймээс иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах нь чухал. Тэр дундаа халдвар аваад хүндрэх эрсдэлтэй 50-аас дээш насны иргэдээ өвчлүүлэхгүй байх тал дээр анхаарах шаардлагатай гэж ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр хэллээ.
Нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-1,811
- Хүндэвтэр-244
- Хүнд-52
- Маш хүнд-12 хүн байна.
Монгол Улсад коронавирусийн халдвартай үедээ нас барсан тохиолдол өнөөдрийн байдлаар нийт 16 болоод байна. Үүнээс 12-ийг нь коронавирусийн шалтгаант нас баралт гэж ЭМЯ үзэж байгаа бол 4 нь халдвар авсан ч архаг хууч өвчний улмаас нас барсан тохиолдол юм.
Л.Баяр