Бямба гарагт хакерчдын форум дээр нэг хэрэглэгч хэдэн зуун сая Фэйсбүүк хэрэглэгчдийн утасны дугаар, хувийн мэдээллийг цахим орчинд үнэгүй байршуулжээ.
Энд 106 орны 533 сая Фэйсбүүк хэрэглэгчдийн хувийн мэдээлэл багтсанаас 32 сая нь АНУ, 11 сая нь Их Британи, Энэтхэгийн 6 сая хэрэглэгчид байна. Утасны дугаар, Фэйсбүүк код, бүтэн нэр, байршил, төрсөн он сар өдөр, товч био, и-мэйл хаягууд дэлгэгджээ.
Фэйсбүүк компанийн зүгээс энэ нь 2019 онд гарсан кодны цоорхойгоос үүдэлтэй өгөгдөл гэжээ.
Энэхүү алдагдсан мэдээлэл нь өнгөрсөн хоёр жилийн туршид кибер гэмт хэрэгтнүүдэд хүмүүсийн хувийн мэдээллийг ашиглахад нь чухал өгөгдлүүд болсон байх гэж үзэж байна.
Мэдээлэл алдагдсан болохыг Алон Гал (CTO of cybercrime intelligence firm Hudson Rock,) анх нэг сард мэдсэн байна. Өөр нэг хүн тухайн хакерчдын форум дээр хэдэн сая Фэйсбүүк хэрэглэгчдийн мэдээллийг наймаалцах автомат бот гаргасан байх үед олжээ.
Одоо ч хувь хүмүүсийн бүхэл бүтэн хувийн мэдээллийн бааз тэрхүү форум дээр үнэгүй постлогдсон, дата ур чадвартай хэн бүхэнд нээлттэй байгаа талаар эх сурвалжид дурдсан байна.
Ийм тохиолдол нь анхны удаа бус юм. Өмнө нь Фэйсбүүкийн серверээс хэдэн сая хэрэглэгчдийн утасны дугаар алдагдаж байсныг 2019 онд илрүүлж байсан. Кэмбриж Аналитика 50 сая хэрэглэгчдийн мэдээллийг 2016 оны сонгуульд улс төрийн сурталчилгаанд сонгогчдыг зорилтот болгон ашиглахдаа хэрэглэсэн байсан.
Одоогоор нээлттэй болсон хэрэглэгчдийн мэдээлэлд Фэйсбүүкийн зүгээс хийж чадах зүйл байхгүй ч тухайн хүмүүст ядаж сонор сэрэмжтэй байх тал дээр сануулж болох юм гэж Гал ярьсан байна.
Эх сурвалж: BusinessInsider.in