2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 23-р сургуулийн санал өгөх байранд гэргий Ж.Туяацэцэгийн хамт саналаа өглөө. Нэр дэвшигч М.Энхболд саналаа өгснийхөө дараа сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрээр “Монгол Улсынхаа иргэний хувьд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож саналаа өглөө.
Монгол төрийн сонгууль бүр өөр өөрийн онцлогтой болж байсан. Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль ч мөн адил өөрийн гэсэн онцлогтой сонгууль болж байна гэж бодож байна. Улс орны эдийн засаг, нийгмийн хямралт байдлаас гарахад иргэддээ ээлтэй эдийн засгийн хөгжлийг бий болгоход чухал нөлөө үзүүлэх сонгууль болж байна. Монголчууд төрийн сонгуульдаа оролцох өдрийг баярын өдөр гэж тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Мориныхоо дэлийг засч, шинэ дээлээ өмсч сонгуульдаа санаа өгөхөөр явдаг уламжлалтай ард түмэн билээ. Сонгогч олон түмнээ Ерөнхийлөгчийн сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. Энэ сонгууль эвтэй, сайхан сонгууль болоосой гэж бодож байна. Нийт сонсгогчид болон сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа 20 гаруй мянган төрийн албан хаагчдадаа сонгуулиа амжилттай зохион байгуулахыг хүсч, ажлын амжилт хүсье. Монголын ард түмний минь сонголт мэргэн байх болтугай” гэлээ.