Монгол Улсын нийт хүн амын 70 гаруй хувь нь хүнсний хэрэглээндээ зориулалтын бус хуванцар савыг өргөн хэрэглэж байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шинжилгээгээр зориулалтын бус хуванцар саванд ус хонуулахад усан дахь найрлагад өөрчлөлт орж, байх ёстой хэмжээнээсээ төмөр хоёр дахин, нитрит 11 дахин, аммиак 48 дахин их байгааг тогтоожээ. Хүнсий зориулалтаар хэрэглэгдэж байгаа тосны канистр, том цэнхэр сав зэрэг хуванцар савнуудад дараах химийн бодисууд илэрч байна.
Үүнд:
· Хар тугалганы хэмжээ ДЭМБ-ын зөвлөмжид заасан хэмжээ(0.01 мг/л)-нээс тосны канистерт 500-800, цэнхэр том саванд 60-72 дахин их;
· Формальдегид хуванцар сав суулганаас химийн бодисын хүнсэнд шилжих зөвшөөрөгдөх дээд хэмжээ(формальдегид 0.1 мг/л)-нээс тосны канистерт 1800-3900, том цэнхэр саванд 3600-6900 дахин их;
· Формалины хэмжээ тосны канистерт 27,0-39,17 мг/л, том цэнхэр саванд 37,67-53,43 мг/л тус тус илэрч байна.
Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор баталсан “Сав, баглаа боодол” 2016-2020 онд хэрэгжсэн үндэсний хөтөлбөрийн хүрээнд нэг өрхийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хадгалдаг зориулалтын бус хуванцар савны тоог 50 хувь бууруулж 1-2 ширхэг болгох, хуванцар савны олон улсын ангиллын тэмдэглэгээ, эрүүл мэндийн нөлөөлөл, зохистой хэрэглээний талаарх мэдлэг бүхий хэрэглэгчдийн хувийг 22 хувиас 50 хувь болгож нэмэгдүүлэх зорилтуудыг тавьсан.
“3”, “6”, “7” гэсэн тэмдэглэгээ кодтой, эсвэл огт тэмдэглэгээ, кодгүй, хүнсний зориулалтын бус хуванцар савыг хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар огт хэрэглэхгүй байх, “2”, “4” тэмдэглэгээ, кодтой хуванцар савыг хэрэглэхээ багасгахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхаарууллаа. Харин “1”, “5” дугаартай хуванцар савыг хүнсний зориулалтаар ашиглахад ямар ч аюулгүй юм байна.
Код тэмдэглэгээ ихэнхдээ савны ёроол гурвалжин дүрсэн дотор байдаг. Тиймээс иргэд та бүхэн хүнсэнд хэрэглэхээр хуванцар сав авахаар бол “1”, “5” дугаартайг авч ашиглаж байгаарай.
Б.Эрдэнэ