Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Винод Кумар Ахужаг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоол үйлдвэрлэл, хүнсний шим тэжээл, тоног төхөөрөмж, байгаль орчин, экологийн боловсролыг хүүхдэд олгох зэрэг сэдвээр харилцан санал солилцов.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон өөрчилсөн. Ингэснээр тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дэд бүтэц, хүний нөөц, хоолны жорыг бий болгох шаардлага үүсэж байна.
Улсын хэмжээнд одоогоор 1-5 дугаар ангийн 368 мянган сурагч бий. Сурагчдийн үдийн хоолыг анхаарч, хамтарч ажиллах хүсэлтийг Боловсрол, шинжлэх ухааны сайд тавьсан юм. Бага ангийн сурагчдын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмж, эрүүл мэндийг дэмжих “Өдөр бүр сүү” төслийг ХХААХҮЯ-тай хамтарч зохион байгуулах саналаа илэрхийлжээ.
НҮБ-ын ХХААБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч дээрх саналыг дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийлээд, хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, лаборатори, бүтээгдэхүүний худалдан авалтын талаар дурдсан юм. Мөн тэрбээр сүү өгөхөд анхаарахаас гадна сурагчдын хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх нь чухлыг онцлов.
Талууд хөдөө аж ахуйн хүрээлэн, мал эмнэлгийн чадамж, сургалтын чанар, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах тухай харилцан санал солилцлоо.
Боловсрол, шинжлэх ухааны яам