МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатыг зодож, маш хүнд гэмтэл учруулсан байна. Улсын начин Э.Энхбатын биеийн байдал хүнд, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа талаар эхнэр нь өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтийн сүлжээнд мэдээлсэн бөгөөд МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр зодсон хэмээн бичжээ.
Түүнчлэн Зариг.мн сайтад эхнэр нь зодуулсны дараах нөхцөл байдал болон эмч нар гэмтлийн талаар юу хэлснийг ярьсан байна. Тэрбээр “Өчигдөр сэхээн амьдруулах тасагт ороход тархины гол ясны хугарал, гавлын ясны бяцрал, духны цөмрөл гээд духанд нь цус хуралт явагдсан. Азаар тэр цус хуралт нь нэмэгдэхгүй байвал гайгүй гэсэн. Нэмэгдвэл бас аюултай юм билээ. Тийм болохоор огт хөдөлгөж болохгүй, гурван хоног маш тайван байлгах ёстой гэсэн” хэмээн ярьжээ.
Уг хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгааг албаны эх сурвалж нотолсон байна.
Мөн “Шалгалтын ажиллагаа дуусаагүй тул начин Э.Энхбаярыг Н.Түвшинбаяр аварга зодсон гэдэг нь одоогоор нотлогдоогүй. Эхнэр нь ийнхүү мэдээлсэн тул цагдаагийн байгууллагаас Н.Түвшинбаярыг шалгаж байна” хэмээн хэлжээ.
Хамгийн сүүлд авсан мэдээллээр Н.Түвшинбаярыг Интермэд эмнэлэгт хэвтэж байхад нь цагдаагийн байгууллагаас саатуулсан байна.