Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Улаанбаатарт хатуу хөл хорио тогтоохгүй байх шийдвэр гаргасан билээ. Хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Засгийн газар эцсээ хүртэл эдийн засгийнхаа талд зогсоно. Халдвар хамгааллын дэглэмээ ягштал бариад ухрах биш илүү ургашлах стратегитайгаар өнөөдрийг хүртэл явж байна. Коронавирусийн эсрэг вакцины эхний ээлж ирсэн. Нийт иргэдээ вакцинжуулах төлөвлөгөө рүү явж байгаа цаг үе өрнөж байна. Өнгөрсөн 10 сарын хатуу хөл хорио үр дүнгээ өгсөн. Вакцин иртэл иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалж чадсан.
Хатуу хөл хорио тавихгүйгээр зөвхөн шаардлагатай газартаа хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод 4, 5 дугаар сарыг коронавирусийн эсрэг вакцинжуулалтын сар болгоно.
Сэргэж эхэлж байгаа эдийн засаг, энгийн амьдрал руу шилжиж буй хэмнэл, зээл авчихсан байгаа иргэдийн итгэлийн харцыг 14 хоног хатуу хөл хорио тогтоогоод зогсоочихмооргүй байна.
Бид улаан түвшинд орохгүй улбар шар түвшинд байх сүүлийн боломжийг олгосон 14 хоног эхэллээ. 14 хоногийн хатуу хөл хорио тогтоогоод халдвар тодорхой хэмжээнд буурлаа гэхэд хөл хориог цуцлахад огцом буцаад ихсэж 1,000-д хүрвэл яах вэ . Дахиад хатуу хөл хорио тогтоох уу, байнга тавьж чадахгүй учир энэ бол эцсийн арга биш” гэв.
Б.Эрдэнэ