Соёлын сайд Ч.Номин Түүх соёл, антропологи, угсаатны зүй, археологийн салбарын эрдэмтэн судлаачдын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний зорилт болох “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний төслийг танилцуулав.
Уулзалтаар Монголын түүхэн олдвор, соёлын өвийг хэрхэн стандартын дагуу хамгаалан хадгалах, Монголын түүх, түүхэн үйл явдлыг Дэлхий нийтэд үнэн бодитоор зөв таниулах, археологийн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулж соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Монгол үндэстэн угсаатны хамгаалан, хадгалан авч явах чухал үнэт зүйл нь олон зууны турш судалж ирсэн, түүхэн археологийн олдвор бөгөөд тэдгээрийн хадгалалтыг урт хугацааны турш, төрийн бодлогоор хянаж хамгаалах ёстойг онцлов.
Соёлын өвийг хамгаалах нь нэн шаардлагатай салбарын тулгамдаж байгаа асуудал бөгөөд хосгүй үнэт зүйлийн хамгаалалт, соёлын өвийн хулгайтай тэмцэх, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг хууль бус үйлдлийг таслан зогсооход анхаарал хандуулахыг хүслээ.
Мөн орон нутгийн соёлын төвүүдийн боловсон хүчнийг бодлогоор дэмжин бэлтгэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжүүлэх түүх, археологийн олдворуудыг эдийн засгийн эргэлтэд оруулан, соёлын түүхэн газруудаас бүрдсэн археологийн үндэсний маршрут гаргаж, дотоодын соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, татварын хөнгөлөлтийн бодлого гарган ажиллах нь онцгой ач холбогдолтой гэж уулзалтад оролцогчид үзлээ.
Соёлын яам