Хугацаат цэргийн алба хаагч харамсалтайгаар амь насаа алдсантай холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд мэдээлэл хийлээ.
Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны Удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг: Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г нь энэ сарын 28-ны өдөр харуулын даргын үүрэг гүйцэтгэж байхдаа харуулд гарч байсан байлдагч Б-ын биед халдан хүнд гэмтэл учруулсан.
Зэвсэгт хүчний жанжин штаб, Хуурай замын цэргийн командлалаас яаралтай арга хэмжээ авч, байлдагч Б-г Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт цаг алдалгүй хүргэсэн боловч байлдагч Б гуравдугаар сарын 30-ны өдөр харамсалтайгаар амь насаа алдлаа.
Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж, уучлалт хүсэж байна.
Тухайн үед цэргийн анги бүрэлдэхүүнээрээ амарч байсан. Үлдсэн бүрэлдэхүүн харуулын үүрэг гүйцэтгэж байсан. Өнөөдөр хэрэг болоод маргааш нь таслан зогсоох боломж алга хэдий ч бид боломжит аргаа хэрэглэж таслан зогсоохоор ажиллаж байна. Харамсалтай нь үр дүн сайн гарахгүй байна.
Энэ удаа гарсан асуудал нь офицер цэрэгтэй харьцсан үйлдэл. Энэ мэт зүй бус харьцаа гардаггүй ангиуд бий. Харин иймээрхүү ноцтой асуудал гараад байгаа ангиудын уг үйлдлийг таслан зогсооно. Мөн цэргийн ангид архидалт байх ёсгүй. Хугацаат цэргийн алба хаагчдын байранд камертай. Шаардлагатай бол цагдаагийн байгууллагаас бичлэгийг гаргаж болно. Гэхдээ бүх газрыг камержуулах боломжгүй.
Ер нь хүний сэтгэхүйд байгаа зүйлийг арилгахгүй л бол энэ ёс бус зүйлийг зогсооход хэцүү. Гарсан гэмт хэрэгтэй тэмцээнд үр дүнд хүрэхгүй байгааг ойлгож байна. Саяхан Зэвсэгт хүчний 032 дугаар ангид гарсан дүрмийн бус зөрчлийг шалгаад холбогдох ажилтнуудад сахилгын шийтгэл оногдуулсан.
Цэргийн ангид гарч буй сахилга зөрчлийн асуудлыг тасалн зогсоох зорилгоор шаардлагатай арга хэмжээг гаргаж хэрэгжүүлдэг. Цэрэг зодож аминд нь хүрсэн салааны дарга Г-г Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Цаашид ийм зүйл гаргахгүйн тулд Хуурай замын цэргийн ангийн бусад албан тушаалтнуудыг шалгаж, цэргийн алба хаагчдад ёс зүйн сургалт явуулна.
Байлдагч Б-г нас барсан үндэслэлээр хуулийн дагуу ар гэрт нь таван жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болон оршуулгын зардлыг Зэвсэгт хүчний жанжин штабаас гаргаж өгнө.
Б.Эрдэнэ