АН-ыг өөрийн мэдэлдээ байлгахын тулд Ерөнхийлөгч Х.Баттулга Цагдаагийн байгууллага шалгаж, Нийслэлийн прокурорын газар хяналт тавьж байгаа хоёр гэмт хэргийг чинь хүчингүй болгож өгье, АН-аа өгчих хэмээн дарамталсан тухай С.Эрдэнэ олон нийтэд мэдэгдээд цөөхөн хонож байна. С.Эрдэнийг мэдэгдэл хийх хүртэл өмгөөлөгч Б.Баасанцогтын шүүгч, прокуроруудтай тогтоосон энгийн биш харилцааг нотлох бичлэг, дансны мөнгөн гүйлгээг даган яригдаж байсан Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Элбэгдоржийн хонгилыг нураагаад өөрөө шинэ хонгил үүсгэжээ гэсэн таамаг ердөө хардлага төдий байсан юм.
АН-ын даргыг гэмт хэрэгтэн биш гэж үзсэн Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Насанбатын тогтоол, шийдвэрийг Ерөнхийлөгч Х.Баттулгын Шадар туслах “Наадам центр” барилга дээр С.Эрдэнэд авч өгсөн явдал нь Ерөнхийлөгч өөрийн гэсэн хонгил бий болгосон үнэн нь. Хонгилын томоохон төлөөлөгч нь Нийслэлийн прокурорын орлогч асан Ц.Насанбат мөн гэдгийг эргэлзээгүй нотлоод өгсөн юм.
Өчигдөр Улсын ерөнхий прокурор шийдвэр гаргаж Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдоржийг үүрэгт ажлаас нь түтгэлзүүлж, Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Насанбатын албан тушаалыг бууруулаад байна. Ц.Насанбатын албан тушаалыг бууруулж байгаа нь нэг талдаа прокурорын байгууллагад хариуцлагын тогтолцоо байгааг харуулж байгаа юм шиг боловч нөгөө талдаа энэ шийтгэл нь ердөө Ц.Насанбатын толгойг илээд өнгөрсөнтэй адил хэрэг болж байгаа юм.
Ц.Насанбат прокурорын хувьд хонгилын өмгөөлөгч гэж нэрлэгдээд байгаа Б.Баасанцогттой дотны харилцаатай нэгэн. Төрийн ордны зүүн жигүүрийн кафед уулзалдаж, ярьж хөөрч суугаа зураг олон нийтийн сүлжээнд тарж, прокурорын тогтоолыг Ерөнхийлөгчийн туслахад хүргэж өгсөн гэх мэт гэмт хэрэгт хяналт тавьдаг байгууллагын төлөөлөгч, даргаас гарамгүй үйлдэл хийсэн нэгэн юм.
Ерөнхийлөгчийн ойрын хүрээллийг тойрсон гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд өнөөдөр ч дахин сөхөгдөв. Эдийн засагч Л.Наранбаатар өнөөдөр АТГ-д Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга А.Гансүхийн төмөр замын төслөөс мөнгө угаасан хэргийг дахин шалгах хүсэлтийг хүргүүлжээ. 2017 оны зургаадугаар сард А.Гансүхийг хуулийн байгууллагууд гэмт хэрэг хийсэн нь нотлогдож байгаа гэж үзэж байсан ч есдүгээр сард энэ дуулиан нь гэмт хэрэг бишд тооцогдож, А.Гансүх Төрийн өндөр албан тушаалд томилогдож байсан юм. А.Гансүхэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон газар нь мөн л Прокурорын байгууллага. Энэ тогтоол нь Ц.Насанбат прокурортой хамааралтай юу үгүй юу гэдгийг шалгах бас нэгэн ажиллагаа хуулийн байгууллагад өрнөж магадгүй болоод эхэлжээ.
Б.ИРЭЭДҮЙ