УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, үйлчлэх, хэрэглэх, архидан согтуурахтай тэмцэх, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх ажилтай холбогдсон харилцааг цогц байдлаар зохицуулахаар долоон бүлэг 45 зүйлтэй хуулийн төслийг боловсруулжээ.
Төсөлд “согтууруулах ундаа” гэж хүнсний зориулалттай түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2-оос дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан дарс, тэдгээрийн үндсэн дээр бэлтгэсэн ундаа, шар айраг, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архийг тодорхойлсон байна.
Харин “согтууруулах ундааны эргэлт” гэж согтууруулах ундааг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түүгээр үйлчлэх, хэрэглэхийг тус тус ойлгохоор тодорхойлжээ. Төслийн 2 дугаар бүлэгт согтууруулах ундааны үйлдвэрлэлтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан.
Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай олгохоор, экспортлох зорилгоор сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архийг чөлөөт бүсэд үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг чөлөөт бүсийн захирагч олгохоор тусгажээ.
Мөн согтууруулах ундааны үйлдвэрлэлд тавих шаардлагыг шинээр тодорхойлохдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, хатуулгийг бүртгэж, эрх бүхий байгууллагад тогтмол мэдээлэх төхөерөмжтэй байх, үйлдвэрлэх шаардлагатай бүтээгдэхүүний зохих доод хэмжээг тусгай зөвшөөрөлд тусгах, орц, найрлага, түүхий эд, этилийн слиртийн агууламж ижил, нэг төрлийн согтууруулах ундааг нэгээс дээш нэрээр үйлдвэрлэхийг хориглох заалт оруулсан байна.
Согтууруулах ундаа импортлох зөвшөөрлийг гурван жилийн хугацаатайгаар, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын баталсан журмын дагуу олгохоор төсөлд тусгажээ.
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгох хэмжээг нийгмийн зарим үзүүлэлтүүдийг харгалзан, урьдчилан тогтоосны үндсэн дээр олгох, ингэхдээ худалдах тусгай зөвшөөрлийг ашгийн төлөө худалдааны чиглэлээр ажилладаг хуулийн этгээдэд, харин согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр ажиллдаг хуулийн этгээдэд олгохоор тусгасан байна.
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох газар, зүйлийн талаарх зохицуулалтыг шинээр боловсруулж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд зааснаас гадна согтууруулах ундааг зайнаас (холбоо, мэдээллийн сүлжээ ашиглан) болон өөртөө үйлчлэх автомат төхеерөмж ашиглан, эсхүл гap дээрээс, эсхүл согтууруулах ундааг хаягаар хэрэглэгчид хүргэхийг хориглохоор тусгажээ.
Мөн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох өдөрт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, сонгуулийн санал авах өдрийн өмнөх, дараах өдөр гэх зэргийг нэмж “Архигүй өдрийн” тоог нэмэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Аймаг нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч нар харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын ажиллах цагийн хязгаарыг тогтоох нь зүйтэй хэмээн үзэж холбогдох зохицуулалтыг тусгасан байна.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Мөнх-Оргил, Ц.Сэргэлэн, Ж.Сүхбаатар, Ш.Адьшаа, Д.Ганбат, Б.Энхбаяр, С.Бямбацогт нар асуулт асууж, ХЗДХ-ийн сайд болон ажлын багаас хариулт, тайлбар авав.
Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, “Согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах, зохицуулалт хийх нь асуудал нь олон улсын чиг хандлага. Төслийн үзэл баримтлалд, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах чиглэлээр авч хэрэгжүүлдэг олон улс орнуудад түгээмэл хэрэглэдэг гол зохицуулалт буюу татварын зохицуулалт, мөн хүртээмжийг хязгаарлах, насны хязгаар тогтоох, зар сурталчилгаатай холбоотой асуудлыг бүгдийг тусгажээ.
Түүнчлэн согтуурах донтой иргэнийг эмчлэх, төрийн энэ төрлийн үйлчилгээг сайжруулах шаардлага бий” гээд төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа тэрбээр хэлсэн.
Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураав.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.
УИХ-ын ХМОНХХ