Ардчилсан намын даргын сонгуулийн үр дүнгийн талаар намын дарга С.Эрдэнэ танилцууллаа.
Тэрбээр “Монголын улс төрийн түүхэнд анх удаа цахим сонгуулийг Ардчилсан нам зохион байгуулж, амжилттай дууслаа. Цаашдаа сонгуулийн систем цахим хэлбэрт шилжих зайлшгүй шаардлага бий болсон. Шударга ёс, авилга, хээл хахуулиас ангид байх, бусдын нөлөөнд автахгүй байх зэрэг бидний олон жил ярьсан асуудлаас гарах гарц нь цахим сонгууль гэж харж байна. Нэр дэвшигчдийн өрсөлдөөн чөлөөтэй, нээлттэй, дүрмийн бус зөрчил гараагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье. АН-ын нийт гишүүдийн олонхын саналыг М.Тулгат авч намын даргаар сонгогдлоо.
АН-ын Үндсэн дүрмийн дагуу шинээр сонгогдсон намын даргыг Их хурлаар ёсчлон батлах ёстой. Их хурлыг тавдугаар сарын 2-нд зарласан.
АН-ын даргын сонгуулийг дөрөвдүгээр сарын 25-нд зарласан байсан. Үүнтэй уялдаж намын их хурлыг тавдугаар сарын 2-нд зарлахаар тогтсон. Бид удирдлагын түвшинд хэлэлцээд нам дотор үүсээд байгаа нөхцөл байдалд эерэг зөөлөн байдлаар хандаж, гишүүдийнхээ эв нэгдэл харилцан ойлголцлыг хангах үүднээс гуравдугаар сарын 28-нд зарласан сонгуулийг нэгтгэж явуулъя гэсэн. Нөгөө гишүүддээ бололцоо олгох зорилгоор хугацааг татсан. Харамсалтай нь нөгөө талаас дүрмийн бус хэлбэрээр сонгуульд оролцож бидний олгосон боломжийг эдэлсэнгүй” гэлээ.
Түүнчлэн “Өнөөдөр цахим болон цаасан сонгуулийн ихээхэн ялгааг харууллаа. Олон жил цаасан сонгууль явуулж ирсэн. Цаасан сонгуульд 1 тэрбум 400 гаруй сая төгрөгийн зардал гаргасан гэж мэдээлсэн. Дээр нь хувь нэр дэвшигчдийн зүгээс маш их мөнгө тараасан. Харин цахим сонгуулийн зардалд 140 орчим сая төгрөг зарцууллаа.
Мөн “Ардчилсан нам бол нэгдмэл нэг нам. Дүрмийн бус үйлдэл, дүрмийн бус сонгууль хийж, намын нэр хүндийг унагаасан хүмүүст хариуцлага тооцно. Долоо хоногийн өмнө сонгуулийн товыг зарласан байх ёстой гэсэн дүрмийг зөрчөөд 27-ны өглөө хуралдаад урьдчилсан санал хураалт авах шийдвэр гаргаж, 12 аймагт санал авсан.
Тэр өдөр Хэнтий аймагт цаасан шуурга болж хүмүүс гэрээсээ гарах боломжгүй байхад 6000 хүн санал өгсөн гэж хэн ч итгэхээргүй ийм тоо гаргаж зарласан. Энэ нь цаасан сонгууль цэвэр луйвар булхай болохыг харуулж байна. 12 аймагт улаан түвшний хөл хорио тогтоосон байсан. Үндсэндээ улсын хэмжээнд 70 мянган санал өгөх ямар ч боломжгүй байгаагүй” гэв.
““
Л.Баяр