Вакцины эхний тунд хамрагдсан иргэдийн давтан тунгийн тарилга дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхэлж байгаа ажээ.
Манай улс дөрөвдүгээр сарын 2-ны өдөр “Sinopharm” компанийн 300 мянган хүн тун вакцин хүлээн авна. Үүний дараа дөрөвдүгээр сарын 15-нд “Sinopharm”-ийн 300 мянган хүн тун, дөрөвдүгээр сарын сүүлээр дахин “Sinopharm”-ийн 300 мянган хүн тун буюу ирэх сард нийт 900 мянган хүн тун вакцин БНХАУ-аас орж ирнэ. Мөн нэмэлтээр Оросын “Sputnik-V” вакцины нэг сая хүн тун орж ирнэ.
Вакцины эхний тунд хамрагдсан иргэдийн гар утсанд хоёр дахь тунгийн тарилгад хамрагдахаас өмнө мессеж очно. Уг мессежэд тухайн иргэн хаана, хэзээ вакцинд хамрагдах талаар тодорхой мэдээллүүдийг тусгасан байна. Вакцинд хамрагдаж байгаа иргэдийн мэдээлэл байгаа учир хөл хорио тогтоосон тохиолдолд тухайн хүний байгаа байршилд нь ойртуулж хороо, өрхийн эмнэлгээр вакцин хийх зохицуулалт хийгдэнэ гэж ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа мэдээлэл өглөө.
Л.Баяр