Дэлхийн эмч нарын баярын өдрийг угтаж Эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Цар тахал ба цалин хөлс” сэдвээр хэвлэлийн хурал хийлээ.
Ковид-19 цар тахлын үед ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудын заримд нь илүү цагийн хөлс олгоогүй, заримд нь дутуу олгож байна гэж Эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооныхон хэллээ.
Хөл хорионы үед эмнэлгийн ажилтнуудын цалинг гурав дахин нэмж олгоно гэсэн хуулийн заалт байдаг ч энэ хууль хэрэгжихгүй байна. Эмч эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн хөлс цаг хугацаандаа олгогдохгүй байна гэв.
Түүнчлэн голомтод ажиллаж буй эмч нарын илүү цагийн мөнгө харилцан адилгүй байгаагаас гадна зарим дүүргийн эрүүл мэндийн төвүүд өрөнд орж, хаалгаа барих хэмжээнд хүрээд байгаа тул мэдээлэл өгч, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх талаар мэдээллээ.
Мөн энэ үеэр Монголын эрүүл мэндийн холбооны үйлдвэрчний эвлэлийн дарга Х.Ариунаа: “Монголын эрүүл мэндийн холбооны үйлдвэрчний эвлэлийн холбоо эмч нарын баярын өдрөөрөө улсын өнцөг булан бүрт ажиллаж байгаа эмч нарын хөдөлмөрлөх эрхийг хамгаалах ажлыг зохион байгуулж байна.
Энэ хүнд үед манай салбарынхан маш их ачаалалтай ажиллаж байна. Нэг жил гаруй хугацаанд амралт, чөлөө завгүй ажилласан. Зарим эмнэлгийн эмч нар 365 хоногийн 180-220 хоногт нь орон гэрээ орхиод, эмнэлэг дээрээ байрлаж ажиллаж байна.
Бидний авдаг цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй байна. Их эмч 750-850 мянган төгрөг, сувилагч 670-720 мянга, үйлчилгээний ажилчид 460-550 мянган төгрөгийн цалин авдаг. Үүнээсээ нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Энэ салбарт ажиллаж буй хүмүүсийн 90 орчим хувь нь цалингийн зээлтэй.
Уг асуудал нь зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш монголын гурван сая гаруй хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал.
Эмнэлгийн алба хаагчид бид ардаа санаа зовохгүйгээр ард түмнийхээ төлөө ажиллах шаардлагатай ч боломж хязгаарлагдмал байна. Илүү цагийн урамшууллыг хүмүүст олгосон гэж төр засгаас мэдээлж байгаа боловч халуун цэг дээр ажиллаж байгаа хүмүүст илүү цагийн хөлс олгоогүй.
Хэрэв богино хугацаанд яаралтай арга хэмжээ авахгүй бол эрүүл мэндийн алба хаагчид сөхөрлөө. Эмч, эмнэлэгийн ажилчид иргэдийн эрүүл мэндийг хамгаалах аргагүй болоход ойрхон байна” гэв.
Б.Эрдэнэ