Есөн сар үргэлжилсэн АН-ын даргын маргааныг цэгцлэх “Ардчилсан намын даргын сонгууль-2021” өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа. Монголын улс төрийн гол хоёр хүчний нэг АН 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш шинэ даргаа сонгож чадаагүй явсаар С.Эрдэнэ, Ц.Туваанаар овоглосон АН-ын хоёр “жигүүр” 9 хүнийг АН-ын даргын сунгаанд өрсөлдүүллээ. Урьдчилсан байдлаар С.Эрдэнийн тал М.Тулгатыг ялагчаа гэж үзсэн бол Ц.Туваан буюу Ерөнхийлөгч Х.Баттулгын тал О.Цогтгэрэлийг нэрлээд байна. Харамсалтай нь АН-ын даргын сунгаа энэ намыг бүрэн гүйцэд нэгдмэл байдалд хүргэж чадахгүй. Улсын дээд шүүх, Улсын бүртгэлийн газар хоёр байгаа баримтаа үндэслээд М.Тулгатыг АН-ын хууль ёсны даргаар нэрлэх нөхцөл бүрдээд байна. М.Тулгатад АН-ын тамга ирснээр Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын тал зарга тэмцлээ үргэлжүүлж, АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд хоёрын хоёр нэр дэвшигч тодруулан, эцэстээ нэр дэвшигч ч үгүй болгож мэдэх ирээдүй угтаж байна.
АН-ын даргад нэр дэвшигчид ардаа бүгд эзэнтэй, тэр эзэд нь яаж ийж байгаад өөрийн төлөөний хүн, “зарц”-аа АН-ын даргаар томилох гэж байна хэмээн Л.Гүндалай хэд хоногийн өмнө лайв хийхдээ мэдэгдсэн. Энэ нь зөвхөн Л.Гүндалайгийн хардлага биш, фракци бүлэглэлүүд нь нэгнээ ээлжлэн татан унагааж, өөрийн төлөөний хүнээ АН-ын даргаар томилуулж байсан энэ нам доторх хуримтлагдсан туршлага билээ.
Ц.Тувааны “жигүүр”-ээс тодорсон О.Цогтгэрэл нь Увсын фракци Н.Алтанхуягийн халаасны хүн. Н.Алтанхуяг О.Цогтгэрэлийг АН-ын дарга болчихвол намдаа элсээд Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшинэ. Чадахгүй бол улс төрийн сайн хамтрагч Х.Баттулгыгаа дэвшүүлнэ гэсэн тооцоогоор өрсөлдүүлээ. Энд бие биенээ барьцаалсан, рекетлэх гэсэн улс төрийн тоглоом явж байна. Энэ тоглоомд битгий автаарай. Тэд бол маш их мөнгөтэй хүмүүс. Үүнийхээ төлөө амиа өгч, хүн алахаас буцахаа больсон. Тэдэнд зөвхөн өөрийнх нь эрх ашиг, яаж шоронд орчихгүй байх вэ гэдэг асуудал л сонин байгаа гэж Л.Гүндалай мэдэгдсэн байгаа. Юутай ч өнөөдрөөс Ерөнхийлөгч Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын хоршилууд АН-ын албан ёсны дарга нь О.Цогтгэрэл мөн болно гэсэн тэмцлийг өрнүүлж эхлэхээр харагдаж байгаа юм.
Эдгээр нь шинэ долоо хоногт АН-аас гаргаж байгаа улс төрийн мэдээнд гол байр суурийг эзлээд явна. Харин цахим сонгуульд санал өгсөн АН-ын мянга мянган энгийн гишүүд намын даргын сунгаанд эгдүүцэж, АН-ын задрал, бутралд дургүйцэж, АН-ыг хагалан задалж, хүчгүйдүүлсэн гол улстөрчдөд, тэр дундаа Ерөнхийлөгч Х.Баттулгад дургүйцээд эхэлжээ. Амралтын өдрүүдэд АН-ын гишүүд “АН-ын даргын санал хураалтад нэр дэвшигчид царцаа нүүлгэсэн. Х.Баттулга санал хураалт эхлэхийн өмнөх өдөр хулгайгаар санал хураалгаж байгаад дөрвөн нэр дэвшигчдэдээ баригдан тэднийгээ хонь чоно болгож орхисон. Х.Баттулга УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг санал хураалтгүйгээр шууд АН-ын дарга болгох шахалтыг Д.Пүрэвдаваа, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нарт үзүүлсэн. Мөн Ц.Туваан Зон олны намын 30 залууг АН-ын Үндэсний хороонд бүртгэж аваад тэднийг таваар үржүүлэн санал хураалтад оролцуулах эрх олгожээ” гэх мэт баримт, ишлэлийг сошиалд олноороо тавьж байсан. Тэр ч бүү хэл Дорноговь аймгийн АН-ын гишүүдийн эрхийг зөрчин санал хураалтад оролцуулалгүй хассан мэдээ ч тархаад авлаа. Монгол Улсын иргэний, гишүүдийнхээ Үндсэн хуулиар олгосон сонгох, сонгогдох эрхийг хаасан явдал нь Ардчилсан үзэл бодлыг тээж яваа АН-аас гарсан гэхэд гайхмаар…
Дээрх адал явдлыг АН-ыхан ахиад сөхөн хөндөхгүй, намын дотоод асуудал гэсхийгээд хүчээр мартах байх. Гэхдээ АН-ын даргыг сонгох санал хураалттай хамт ямар нэгэн цаасан дээр гарын үсэг зуруулах аян өрнөсөн нь АН-ын гишүүдийг хамгийн ихээр эгдүүцүүлжээ. Энэ ажилд Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжин, гудамжны тэмцэл өрнүүлдэг Г.Хажидмаа болон Ц.Тувааны АН-ын гишүүд, МоАХ-ынхан дайчлагдсан бөгөөд нэг өдрийн 40 мянган төгрөгөөр цалинжиж байгаа, гарын үсэг зураад өгчих л дөө хэмээн намынхнаасаа гуйгаад явж байсан гэнэ. Өдрийн 40 мянган төгрөгийн цалин гэдэг бага биш зүйл. Нэг хүний сарын цалин 1.2 сая, зуун хүний цалин бол 120 сая төгрөг болно. Эндээс зөвхөн гарын үсгэнд ямар их хэмжээний мөнгө зарж байгаа вэ гэдэг нь харагдаж байгаа ч энэ гарын үсгийг юунд ашиглах гэж байгаа нь одоохондоо тодорхойгүй байгаа юм. Гэхдээ үүний ард Ерөнхийлөгч Х.Баттулга байна. Тэр үүнийг ямар нэгэн зүйлд ашиглах гэж байх шиг байна” гэсэн таамаглалыг намынх нь яриад эхэлжээ.
Эндээс гарал үүсэл нь тодорхойгүй мөнгө, санхүүжилтийг Ц.Тувааны АН хаанаас гаргаж байгаа вэ гэдэг асуулт ургаж байгаа юм. Гуравдугаар сарын эхээр ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга А.Гансүхийг ОХУ-аас 20 сая ам.доллар оруулж ирсэн дуулиан дэгдсэн билээ. Энэ дуулианаас болж ҮАБЗ-ийн Ажлын албаны ажилтан А.Гансүхтэй хамт төмөр замын төслөөс мөнгө угаасан хэргээр шалгагдаж байсан Ж.Бямбацогт гэдэг иргэн ОХУ-д гацсан байгаа. Түүнийг Оросууд Монгол руу нэвтрүүлэхгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж буй. Арай гадны мафийн мөнгө бохир улс төрд тэр дундаа АН-ын даргын сунгаа болоод юунд зориулах нь тодорхойгүй байгаа гарын үсэгт, цаашлаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөөд байгаа юм биш биз. Энэ бол хуулийнхны сонирхон шалгах ёстой сэдэв мөн билээ.
Б.ИРЭЭДҮЙ