Ихэр ботго гаргасан ингэн тэмээг “мөнгөн буйл”-аар буйлладаг уламжлалтай. Тэгвэл Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн малчин Н.Нямдаваагийн хотонд гуравдугаар сарын 24-нд ингэ ихэрлэсэн байна.
Ховд аймгийн удирдлагууд ихэр ботго, ингэн тэмээг ёс уламжлалын дагуу “мөнгөн буйл”-аар буйллажээ. Мөн малчин Н.Нямдаваагийн гэр бүлд хүндэтгэл үзүүлсэн байна.
Сүүлийн жилүүдэд Ховд аймагт жил дараалан ингэ ихэрлэж, малч эзэн, нутаг хошуу, зон олноо баярлуулаад буй. Өнгөрсөн 2020 онд Чандмань сумын Жаргалант багийн малчин Дашдоржийн Мягмарын хотонд ингэ ихэрлэж байсан. Харин энэ жил Манхан суманд ингэ ихэрлэлээ.
Одоогийн байдлаар Манхан суманд энэ хавар төллөх нийт малын 80 орчим хувь нь төллөсөн. Сүүлийн үед байгаль цаг агаар таатай байсан болохоор мал ихэрлэх явдал цөөнгүй байгаа гэж сумын Засаг дарга Э.Лхагвасүрэн ярилаа.
Ховд аймаг : МОНЦАМЭ