Коронавирусийн эсрэг вакциныг элэгний В, С вирусийн халдвартай иргэдэд хийлгэх нь зөв үү, буруу юу гэдэгт Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч Б.Саруул мэдээлэл өглөө.
Тэрээр “Юун түрүүнд вакцины туйлын эсрэг заалт юу вэ гэдэгт ойлголт өгье. Нэгд, огт вакцин хийж болохгүй гэсэн заалт гэж бий. Үүнд, тухайн хүн тухайн вакцины найрлагад орсон зүйлд харшилдаг, урвал нь хөнгөнөөс хүнд хэлбэрт шилждэг эрсдэлтэй бол огт хийж болохгүй гэсэн туйлын эсрэг заалттай. Жишээ нь, зарим вакцин өндөр нягтралт уургаар холбосон байдаг. Хэрвээ үзлэгийн үеэр эмч үзээд тухайн өвчтөн уургуудад харшилтай байвал хийхгүй.
Мөн огт хийж болохгүй заалтад тухайн эрхтэн системийн ээнэгшилт алдагдсан хүнд хэлбэрт хийж болохгүй. Жишээ нь, В, С вирусээс үүдэлтэй элэгний хатуурлаас болж эрхтэн систем нь алдагдсан бол хийхгүй. Үүнийг эмч үзлэгийн явцад тогтооно. Элэгний өвчлөл нь хүндэрч, шарлалт өгч байгаа, уургийн дутагдлын улмаас хэвлийд ус үүссэн, цус алдах эрсдэл бүхий заалттай хүмүүст вакцин хийж болохгүй. Түүнээс биш архаг үрэвсэл нь намжмал байдалтай, эрхтэн системд ноцтой өөрчлөлт байхгүй гэсэн эмчийн дүгнэлттэй архаг үрэвсэлтэй хүмүүст вакцин хийж болно. В, С болон дельта вирустэй хүмүүс хэрхэн вакцин хийх вэ гэдэг асуулт түгээмэл байна. Архаг үрэвсэлтэй, хатуурал нь ээнэгшилт үүсгээгүй тохиолдолд вирус идэвхжилтэй байсан ч коронавирусийн вакциныг хийж болно. Эмч нар үзлэгийн үед олон арга хэлбэрээр үзэж, цус алдах эрсдэл үүссэн үү, үгүй юү гэдгийг тогтоож байгаа.
Хоёрт, эсрэг заалт гэж бий. Үүнд, цочмог халдварт өвчнүүд багтана. Сүүлийн нэг жилийн хугацаанд уналт таталт өгсөн, мэдрэлийн үрэвслийн хам шинжтэй, жирэмсэн, цус бүлэглэлт буюу цус гоожилтын хам шинжтэй, дархлалын эмчилгээ, гармон болон дархлаа дарангуйлах эмийн эмчилгээ хийж байгаа, ковид-19 өвчнөөр өвдөөд лабораториор батлагдсан тохиолдлуудад эдгэрсний дараа зургаан сарын дараа вакцин хийх заалттай. Мөн тухайн вакциныг тэр өдрөө өөр нэг вакцинтай хамт хийлгэхгүй байх. Мөн цусны ийлдэс хийлгүүлсэн бол гурван сарын дараа вакцин хийж болохгүй” гэлээ.
Л.Баяр