ЭМЯ-ны мэдээллийн үеэр дархлаажуулалтын явцын мэдээллийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл өглөө.
Тэрээр “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 40 цэгт, 93 багийн 650 ажилтан ажиллаж нийтдээ 6257 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Ингэснээр Улаанбаатар хотод вакцины нэг тунгаа тариулсан нийт иргэдийн тоо 267300 болжээ. Үүнээс гадна Өмнөговь, Орхон, Төв, Дархан-Уул аймгийн үйл ажиллагааг нь тасралтгүй явуулах шаардлагатай байгууллагын иргэдийг вакцинд хамруулсан бөгөөд нийтдээ 8761 иргэн хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээд 276068 иргэн дархлаажуулалтын эхний тунгаа хийлгээд байна. Дархлаажуулалтын явцад 50-иас дээш насны 101 мянган иргэн вакцинд хамрагдсан бөгөөд нийт хамрагдвал зохих насны иргэдийн 41.1 хувийг нь вакцинжуулсан.
Вакцин хийлгэсэн иргэдэд дараа нь илрэх хариу урвал, хүндрэлийн тандалтыг байнга зохион байгуулж байна. БНХАУ-д үйлдвэрлэсэн вакциныг хийлгэсний дараа 13 хувьд түгээмэл хариу урвал илэрч байна. Халуурах, бие арзайх, тарьсан газар өвдөх хариу урвал илэрсэн. Харин АстраЗенека вакцин тариулсан иргэдийн 51 хувьд нь урвал илэрч байсан. Дөрөвдүгээр сарын 10-наас Хятадын вакцин тариулсан иргэдэд хоёр дахь тунгийн тарилгыг хийж эхэлсэн. АстраЗенека вакцин тариулсан иргэд дөрөвдүгээр сарын 20-ноос хоёр дахь тунд хамруулахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Улсын хэмжээнд дархлаажуулах ажил хэвийн үргэлжилж байна” гэлээ.
Л.Баяр