Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.7 их наяд, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 1.6 их наяд төгрөг байна.

Нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь нийт орлогын 94.6 хувийг эзэлж байгаа аж. Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 1.7 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 112.8 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 7.2 (6,0 хувь) тэрбум төгрөгөөр багасав.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ өнгөрсөн сард 961.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 295.5 (44,4 хувь) тэрбум, нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 955.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 171.3 (21,8 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл энэ оны 2 дугаар сард 5.7 тэрбум төгрөгийн ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 85,8 хувийг татварын орлого, 8,8 хувийг татварын бус орлого, 2,5 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 2,9 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байв. Татварын орлого оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 221.7 (17,7 хувь) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд нийгмийн даатгалын орлого 25.1 (8,4 хувь) тэрбум, онцгой албан татвар 8.6 (6,6 хувь) тэрбум, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 6.4 (5,9 хувь) тэрбум төгрөгөөр багассан ч нэмэгдсэн өртгийн албан татвар 172.0 (84,9 хувь) тэрбум, орлогын албан татвар 65.4 (16,2 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Татварын орлогод 2021 оны эхний 2 сарын байдлаар орлогын албан татвар 31,8, нэмэгдсэн өртгийн албан татвар 25,3, нийгмийн даатгалын орлого 18,6, бусад татвар 8,0, онцгой албан татвар 8,3, гадаад үйл ажиллагааны орлого 8,0 хувийг эзэлж байна. Татварын нийт орлогод нэмэгдсэн өртгийн албан татварын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 9,2, гадаад үйл ажиллагааны орлогынх 0,5 пунктээр өсөж, нийгмийн даатгалын орлогын эзлэх хувь 5,3, онцгой албан татварынх 2,1, бусад татварын 1,9, орлогын албан татварын эзлэх хувь 0,4 пунктээр багассан аж.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 2021 оны эхний 2 сарын байдлаар 1.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 251.1 (16,9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Үүнд урсгал зардал 196.8 (14,8 хувь) тэрбум, хөрөнгийн зардал 39.8 (23,2 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Урсгал зардалд бараа үйлчилгээний зардал 35,7, урсгал шилжүүлэг 58,2, хүүгийн зардал 2,8 хувь, татаас 3,3 хувийг эзэлж байна. Хөрөнгийн зардалд 2021 оны эхний 2 сарын байдлаар 211.4 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 39.8 (23,2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

Хөрөнгийн зардал өсөхөд бусад хөрөнгийн зардал 17.8 (67,3 хувь) тэрбум, их засварын зардал 4.8 (47,9 хувь) тэрбум төгрөгөөр багассан ч барилга, байгууламжийн зардал 41.0 (31,6 хувь) тэрбум, тоног төхөөрөмжийн зардал 19.0 (5,6 дахин ) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Хөрөнгийн зардалд барилга байгууламжийн зардал 80,7, тоног төхөөрөмжийн зардал 10,9, бусад хөрөнгийн зардал 4,1, их засварын зардал 2,5, стратегийн нөөц хөрөнгө 1,8 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс тоног төхөөрөмжийн зардлын эзлэх хувь 8,5, барилга байгууламжийн зардлынх 5,2, стратегийн нөөц хөрөнгийнх 1,0 пунктээр өсөж, харин их засварын зардлынх 3,4, бусад хөрөнгийн зардлын эзлэх хувь 11,3 пунктээр багасжээ.

Б.Эрдэнэ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн