Хэнтий аймгийн Хэрлэн, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх, Галшар сумдын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг өнөөдрөөс түр хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргалаа.
Аймгийн онцгой комисс Бор-Өндөр суманд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан бүх сумдын Шуурхай штабтай хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргажээ.
Үүнд:
- Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, сум хоорондын орох гарах, Улаанбаатар хотоос хүндэтгэн үзэх шалтгаан /албан томилолт, эрүүл мэнд, ар гэрийн гачигдал, хүнс тээвэр/-аас бусад иргэдийн орох хөдөлгөөнийг 2021.03.25-ны өдрийн 16:00 цагаас 2021.03.26-ны өдрийн 16:00 цаг хүртэл хязгаарлалаа.
- Сумдын гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, Шуурхай штабын бэлтгэл бэлэн байдлыг хангуулж ажиллахыг сумдын Засаг дарга нар үүрэг болголоо.
- Бор-Өндөрт зорчсон иргэдийн судалгааг гарган Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын эрсдэлийн үнэлгээг хийж 2021.03.25-ны өдрийн 18 цагаас өмнө ирүүлэхийг сумдын Засаг дарга нарт, мөн байгууллагын албан хаагчдаас тус сум руу зорчсон талаарх судалгааг 2021.03.25-ны 17:00 цагаас өмнө ирүүлэхийг аймгийн ЗДТГ-ын даргад даалгалаа.
- Орох гарах хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотой Чингис хотод бүсчилсэн шалган нэвтрүүлэх хяналтын цэг ажиллуулахыг Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт үүрэг болгосон гэж Хэнтий аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.