Ковид-19 цар тахлын улмаас боловсролын салбар хамгийн их хохирол амсаж байгааг талууд уулзалтынхаа эхэнд онцоллоо. Өнөөдрийг хүртэл Монгол Улс танхимын сургалтаа бүрэн нээж чадаагүй байгаа бол Англид гуравдугаар сарын эхнээс танхимын хичээлийг эхлүүлжээ. Гэхдээ өмнөх жилүүдтэй ижил хэмжээнд сургалтын үйл ажиллагааг жигдрүүлж чадахгүй байгааг ноён элчин сайд онцоллоо.
Манай улс англи хэлийг хоёр дахь хэл болгоно гэсэн зорилт тавьж байгаа. Энэ хүрээнд тус улсаас багш авах, оюутан сургах чиглэлд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Монгол Улс Чевниг тэтгэлэгт хөтөлбөрт 1993 оноос хамрагдах болж өнөөдрийг хүртэл хугацаанд 180 гаруй хүнийг хамруулсан байна. Нэг жилд олгодог 12-15 квотыг нэмэгдүүлэх хүсэлт тавилаа.
БШУЯ, АНУ-ын хэд хэдэн сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх, дотоодынх нь тарифаар оюутан сургах ажлууд эхэлсэн. Яг энэ жишгээр Их Британид оюутан сургах боломжийг судлахаар боллоо. Англиас гадаадад оюутан сургах, гадаад оюутныг Англид сургах хөтөлбөр эхлүүлэхээр ажиллаж байгааг элчин сайд дурьдаад энэ хөтөлбөрт Монгол оюутныг хамруулах асуудлыг эргэж ярилцахаар болов.
Уулзалтын төгсгөлд элчин сайд Кембриджийн хөтөлбөрөөр хичээллэдэг сурагчдыг үнэлэх арга хэмжээг танхимаар зохион байгуулах, эсвэл багш нар нь сурагчиддаа хүрч шалгалт авах нэг удаагийн боломжийг нээж өгөхийг хүслээ.