УИХ-ын үдээс хойших хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, МАН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авсан юм.
Улсын дээд шүүхийн саналыг тус шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа танилцуулсан юм. Тэрбээр “Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3.2, Шүүхийн тухай хуулийн 25.8.7 дахь заалтыг тус тус үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцсэн. Гишүүдийн олонхын саналаар Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг УИХ-д санал болгохоор шийдвэрлэсэн” гэв.
УИХ-ын гишүүн Х.Баделханы цэцийн гишүүнийг чөлөөлж байгаа шалтгааныг тодруулахад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “Одоогийн байдлаар цэцийн 9 гишүүний хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жил дөрвөн сар болж байна. Цэцийн гишүүнд нэр дэвшсэн хүмүүсээс нэг хүн буюу Ж.Эрдэнэбулган олонхын санал авсан. Үүнтэй холбоотойгоор хоёр хүний нэг нь хэн бэ гэдэг асуудал үүссэн.
Төрийн албаны тухай хуульд төрийн алба хаах дээд хязгаар 65 нас гэж заасан. Энэ дагуу Ш.Цогтоо гишүүн 67 настай, Д.Солонго гишүүн 63 настай учир Үндсэн хуулийн цэцийн Ш.Цогтоо гишүүнийг чөлөөлөх нь зүйтэй гэсэн санал яригдсан” хэмээн хариулав.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэлэв. Тэрбээр “Бүрэн эрхийн хугацаа нь дуусаад хоёр жил болчихсон байхад томилгоог хийгээгүй байна. Иймд томилгоонд нөлөөлөл орж байна гэсэн хардлага байгаа.
АН-ын бүлэг Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудалд тав хоногийн завсарлага авахыг хүсэж байна” гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Санал болгосон байгууллагаас ирүүлсэн асуудлыг хугацаанд нь шийдвэрлэх ёстой. Иймд АН-ын бүлэгт Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлаар маргааш хүртэл завсарлага өглөө” гэв.
Н.Батаа