Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Хүний эрх хамгаалагчийн хороо гэж байх шаардлагагүй талаар олон гишүүд байр сууриа илэрхийлж байсан. Энэ ажлыг үндэсний комисс хийх боломжтой. Хүний эрхийн үндэсний комиссод иргэний нийгмийн зөвлөл гэж байгуулж өгсөн. Гэтэл эрх хамгаалагчийн хороо гэж давхар нэг бүтэц байгуулаад ажлыг нэгэндээ чихэх байдал үүсгэж байна.
Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж, төсвийг тодорхой байдлаар шийдэж байгаа. Ажиллах бүх боломжоор хангаж тус комиссын гишүүдийг сонгон шалгаруулсан. Гэтэл одоо хүн хүч хүрэхгүй байна гээд энэ хуулийг оруулж ирж байна. Үүний дараа янз бүрийн юм ярихгүй шүү.
Хүний эрхийн үндэсний комисс үндсэн ажлаа сайн хийгээрэй. Хүний эрх алхам тутамд зөрчигдөж байна. Хязгаарлалтын дэглэм тогтоож байгаа арга хэмжээнүүд Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрхэд харшилж болохгүй гэж хуульд заасан. Тусгаарлалтад байсан иргэн нас барж байна. Гадаадаас ирсэн иргэн зочид буудлын цонхоор бууж байгаад нас барсан. Үүнд ямар асуудал үүссэн зэргийг тодруулж байх ёстой. Таг дуугүй байдаг. Удаа дараа сануулж байгаа шүү” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Н.Батаа