ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “NGS” буюу вирусийн генийн бүрэн дарааллыг тогтоох төхөөрөмж бүхий иж бүрэн лабораторийг ХӨСҮТ-д ирэх дөрөвдүгээр сард байгуулахаар ажиллаж эхэлжээ.
Энэ хүрээнд тус төвийн вирус судлалын лабораторийн 3 судлаач, эрдэмтэн Япон улсын Токио хотын “Халдварт Өвчний Үндэсний хүрээлэн”-д SARS-CoV-2 вирусийн генийн бүрэн дарааллыг тогтоох шинжилгээ хийх сургалтад хамрагдахаар 2021 оны 3 дугаар сарын 25-нд буюу Пүрэв гарагт тус улсыг зорино.
Тус сургалт нь Монгол Улс дахь SARS-CoV-2 вирусийн шинэ хувилбарийн тархалтыг тодорхойлох, вирусийн шинэ хувилбараар халдварласан тохиолдолд эмнэлзүйд илрэх шинж тэмдэг, вакцины дархлаа тогтоцод үзүүлэх нөлөөг судлах зорилготой юм.
Судлаачид Япон улсад суралцаж байх хугацаандаа тус улсын эрдэмтэдтэй хамтран Монгол Улсад тархалттай байгаа SARS-CoV-2 вирусийн омгууд дээр геномын судалгаа хийх юм. Өөрөөр хэлбэл коронавируст халдварын ямар төрөл манай улсад зонхилон тархаж буйг судлах юм гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.