“Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй гэж үзлээ” гэсэн шууд ойлголтыг өгөх мэдээ өчигдөр үдээс хойш цахим орчинд цацагдлаа. Шинээр батлагдан 2020 оны тавдугаар сарын 25-наас мөрдөгдөж эхэлсэн шинэ Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчөөр ажиллах хүн нэг удаа 6 жилийн хугацаатай үүрэг гүйцэтгэнэ гэсэн заалт Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжийг хязгаарлаад байгаа билээ. Үндсэн хуулийн төсөлд өөрөө саналаа өгсөн Ерөнхийлөгч Х.Баттулга батлагдан мөрдөгдөөд жил тойрч байгаа Үндсэн хуулийн шинэ заалтын араас огтхон ч асуудал босголгүй 2021 оны хавартай золгоод байгаа юм.
Үндсэндээ энэ хавар Х.Баттулгын Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээлгэн өгөх цикль тохиож, энэ хүн шинэ Үндсэн хуулийн дагуу дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон. Хэрвээ дахин өрсөлдөнө гэвэл 10 жил Ерөнхийлөгчөөр ажиллана. Өмнө хуулийг баримтална аа гэвэл 8 жил Ерөнхийлөгчөөр ажилллах юм. Ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших хуучин, шинэ хоёр хугацаа нь хоёулаа одоо мөрдөж буй “Ерөнхийлөгчөөр нэг удаа зургаан жилийн хугацаатай ажиллана” гэсэн заалттай зөрчилдөж байгаа. Тиймээс асуудлыг илүү тодорхой болго гэсэн асуудлыг тавьж УИХ-ын гишүүн Т.Доржханд болон Д.Үүрцайх, МУИС-ийн багш О.Мөнхсайхан нарын хуульчид Үндсэн хуулийн цэцэд маргаан өрнүүлэх хүсэлтээ гаргаад байлаа.
Т.Доржханд болон хуульчдын хүсэлт Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд аянга ниргэхтэй адил зүйл болжээ. Хууль мөрдөгдсөнөөс хойш өөрийн нэр дэвших эрхийг огт хөндөөгүй явсан Ерөнхийлөгч энэ хавар Төрийн ордноос эрчээрээ давхин Үндсэн хуулийн цэцэд хоёр ч удаа бараалхан “Надад нэр дэвших боломж хайрла” хэмээн бараг гуйгаад буцсаныг иргэд хатуухан шүүмжилж байлаа. Үндсэн хуулийн цэцэд нөлөөлөх гэлээ, Цэцэд дарамт өглөө гэсэн шүүмжлэл, дургүйцлүүд ч дагалдсан бөгөөд яг үнэндээ Үндсэн хуулийн цэц дээр үүссэн маргаанд Ерөнхийлөгч тэртусмаа Х.Баттулга гэж хүнд огт хамаагүй. Нэхэмжлэгч тал нь иргэн, хариуцагч тал нь УИХ, Үндсэн хуулийн цэц. Хэдийгээр эрх ашиг нь хөндөгдсөн ч гэсэн гуравдахьч этгээд гэж байх ёсгүй сэдэв юм.
Нөхцөл байдал ийм ч Х.Баттулга дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бүхий л арга саамыг хайж байна. Хамгийн аймшигтай нь өчигдөр тарсан Үндсэн хуулийн цэцээс тараасан гэх Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй гэсэн мэдээ худлаа болж таарлаа. Үнэн хэрэгтээ Цэцээс ийм шийдвэр огт гараагүй. Өчигдөр Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдаан болсон ч Х.Баттулгын нэр дэвших боломжтой эсэхийг хэлэлцэх маргааныг эхлүүлэх санал гаргасан Цэцийн гишүүн Д.Солонгын шийдвэрийг хүчингүй болгоод хуралдаан таржээ. Тодорхой хэлбэл, Д.Солонгын маргаан үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгож, Цэц энэ асуудлаар маргаан үүсгэхгүй, Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эсэх асуудал эцэслэгдээгүй, тодорхойгүй үлдэж байна гэсэн үг юм.
Гэвч Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэсэн хуурамч мэдээ онлайнд тарж, Ерөнхийлөгчийг дэмждэг хүмүүсийн цааш тарсаар л байна. Мэдээг хуурамч байна аа гэдгийг цөөхөн эх сурвалжууд хэлж, мэдээлж байна. Өөртэй нь холбоотой хуурамч мэдээ тарж байгаад Ерөнхийлөгч Х.Баттулга харин огтхон ч санаа зовсонгүй, харин ч бүүр дэмжиж байгаа бололтой. Ерөнхийлөгч үүндээ тайлбар өгсөнгүй. Энэ төрлийн хуурамч мэдээ нийгэмд тарах нь сайны дохио биш.
Х.Баттулга гэдэг хүнд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ хамгаалах боломж хангалттай байсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт мөрдөгдөж эхлээд 1 жил илүү болж байна. Энэ хооронд Х.Баттулга ҮХЦ-д гомдол гарган, маргааныг аль эрт нэг тийш нь шийдэж болох байсан ч тэр үүнийг хийгээгүй. Яагаад гэвэл Х.Баттулгад сайн хуульч байгаагүйг олон ч хүн хөндөөд байгаа юм.
Өчигдөр ҮХЦ-ээс гарсан шийдвэр гэж зарлагдсан хуурамч мэдээг хэн гаргав гэдэг асуудал одоо ид яригдаж байна. ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж хоёр “Х.Баттулга нэр дэвших эрхтэй боллоо” гэсэн хуурамч албан бичгийг үйлдсэн гэдэг нь ч ил боллоо. ҮХЦ-ийн хурлын дэгээр Цэцийн гишүүн хэлэлцэх гэж буй асуудлын талаар хуралдаанаас өмнө байр сууриа илэрхийлсэн бол хуралд оролцох эрхгүй байдаг аж. Х.Баттулгын эрх ашгийг агуулсан энэ асуудлаар Ерөнхийлөгчийн ҮХЦ дэх “албан бус төлөөлөгч” Ш.Цогтоо байр сууриа илэрхийлсэн байсан тул өчигдөр болсон хуралдаанд оролцоогүй юм байна. Гэвч Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж хоёр Үндсэн хуулийн цэцийг хуурамч албан бичиг үйлдэн хэвлэлүүдэд тараасан нь илчлэгдээд байна.
Монгол Улсын түүхэн гарч байгаагүй шившигт үйлдэл ийнхүү Цэц дээр өрнөж орхив. Үндсэн хуулийн цэцийг олны тохуурхал дургүйцлийн бай болгож байгаа хүн нь манай Ерөнхийлөгч. Энэ хүн эртнээс хуурамч мэдээгээр ард түмнийхээ тархийг угааж, сонгогчдыг энэ мэдээндээ итгэн үнэмшүүлж, сэтгэл зүйг нь дасгахаар төлөвлөж байгаа бололтой. Цаашлаад энэ хандлагаа өөрийнхөө талд ашиглаж, иргэдээ талцуулах эвгүй технологийг хэрэгжүүлэхэд гайхах юм алга. Үйл явдал цааш өрнөхөөр харагдаж байгаа юм. Эндээс харвал Ерөнхийлөгч Х.Баттулга аргаа баржээ. Яг нэр дэвшигчид тодрох хүртэл хаанаас ямар хуурамч баримт гарч ирэх юм бол.
Б.ИРЭЭДҮЙ