Чуулганы нэгдсэн хуралдаанд “Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар” Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ. Салбарын сайд мал өвөлжилт, хаваржилтын өнөөгийн байдал, хаврын тариалалтын бэлтгэл ажлын явцын талаар тодорхой тоо баримтад түшиглэн гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын талаар:
Монгол Улсын Засгийн газраас 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндрэхээс урьдчилан сэргийлж, шаардлагатай бэлтгэл ажлыг хангаж ажиллалаа. Энэ хүрээнд “Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 19 дүгээр тогтоол гаргасны зэрэгцээ аймаг, сум, малчдын түвшинд өвс, тэжээлийн бүрдүүлэлт, малын худаг ус, хашаа хорооны хүрэлцээ хангамж, малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан болон мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулсан байдал, малчин өрхийн бэлтгэл зэрэг үзүүлэлтүүдээр өвөлжилт, хаваржилтын дүнг нэгтгэн дүгнэлт хийж, холбогдох шийдвэрийг гаргаж хэрэгжүүлэв.
-Засгийн газрын 2020 оны “Улсын нөөцөөс өвс, тэжээл гаргах тухай” 212 дугаар тогтоолоор өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн болон хүндрэх төлөвтэй байгаа Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Ховд аймагт улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж байсан нийт 2.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3800 тонн өвсийг үнэгүй, 1900 тонн малын тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан олгохоор шийдвэрлэн, малчдад өвс, малын тэжээл олгох ажлыг зохион байгуулсан байна.
-Засгийн газрын 2020 оны “Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 213 дугаар тогтоолоор Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн 5.0 сая ам.долларын эх үүсвэрээр Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудын нийт 45750 малчин өрх болон отор нүүдэл хийж буй малчин өрх бүрт 300,000 төгрөгийн малын хүчит тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэж, тэжээл тээвэрлэлтийн ажил энэ сарын 12-ны өдрийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй, үүнээс Баянхонгор аймагт 68 хувь, Говь-Алтай аймагт 100 хувь, Өмнөговь аймагт 100 хувь, Өвөрхангай аймагт 54 хувь, Дундговь аймагт 92 хувийн гүйцэтгэлтэй байна.
-Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймгийн “Цагааннуур”, Увс аймгийн “Боршоо” хилийн боомтоор малын тэжээл импортлох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, хаваржилтын эрсдэлийг бууруулах боломж бүрдүүлэв.
-Улсын Их Хурлын 2020 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдрийн “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай”, “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулиар мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвсийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлсэн. Ингэснээр мал, амьтны бүх төрлийн тэжээл импортлох чиглэлээр 65 аж ахуй нэгжтэй бодлогын гэрээ байгуулж, 2021 оны хавар мал аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай 120.0 орчим мянган тонн тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах боломжийг бүрдүүллээ. Мөн нийт 30 гаруй мянган тонн мал, амьтны бүх төрлийн тэжээл импортолж, 25 кг савлагаатай улаанбуудайн хивэгний дундаж үнэ 19465 төгрөг байсан бол 17965 төгрөг буюу 8 орчим хувиар буурсан. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт 1200, Дорнод аймагт 200, нийслэлд 300 тонн, нийт 1700 тонн өвсний нөөц байна.
-2021 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 674.6 мянган толгой мал хорогдсон, үүнээс Архангайд 34 мянга, Баянхонгорт 344.9 мянга, Говь-Алтайд 43.8 мянга, Дундговьд 33.5 мянга, Өвөрхангайд 62 мянга, Өмнөговьд 29.9 мянга, Төв аймагт 37.2 мянга, нийт 585.5 мянган мал хорогдсон нь улсын хэмжээний нийт хорогдлын 86.7 хувийг эзэлж байна. Баянхонгор аймагт хамгийн их буюу 344.9 мянган мал хорогдсон нь улсын хэмжээний нийт хорогдлын 50 хувийг эзэлж байна. Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын 6 сумын 23 өрх огт малгүй болсон, 15 сумын 238 өрх нийт малынхаа 50-иас илүү хувийг хорогдуулсан байна.
-Энэ сарын 18-ны байдлаар Завханы нутаг, Увс, Говь-Алтай, Төв аймгийн хойд, Баян-Өлгий, Ховдын өмнөд, Архангайн баруун, Булганы зүүн, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнодын зарим газраар 1-13 см зузаан цасан бүрхүүлтэй болсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Тэс 13 см, Улаангом, Зүүнговь, Хөвсгөлийн Цагааннуур 12 см, Баян-Өлгийн Даян, Увсын Сагил 10 см, Түргэн 9 см, Давст 8 см, Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ, Баян-Өлгийн Дөчинжил 7 см, бусад нутгаар 1-6 см зузаан цастай байна.
-Мөн энэ сарын 13-15-ны өдрүүдэд салхи ихэнх нутгаар секундэд 16-24 метр, зарим үед секундэд 32-40 метр хүрч, шороон болон цасан шуурга 01-10 цагийн хугацаатайгаар шуурч цаг агаарын аюултай, гамшигт үзэгдэл боллоо. Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас 12 аймгийн 51 суманд нийт 706 хүн төөрч, сураггүй болсон ба үүнээс 696 хүнийг эсэн мэнд олсон, Архангай аймагт 1 хүүхэд, Дундговь аймагт 9 хүн (үүнээс хүүхэд 1), нийт 10 хүн нас барсан. Хүчтэй салхи шуурганы улмаас 3 дугаар сарын 13-ны өдрийн 23:20 цагт ОХУ-аас Баруун бүсийн аймгуудад цахилгаан эрчим хүч нийлүүлдэг С-458 дугаар агаарын шугамын 216 дугаар тулгуур багана (Увс аймгийн Улаангом сумаас баруун тийш 90 км) унаж, Баян-Өлгий, Увс, Ховд аймагт цахилгаан тасарсан. Дөргөний усан цахилгаан станцаас түр холболт хийж, дээрх 3 аймгийн онцгой хэрэглэгчдийг цахилгаанаар хангасан. Унасан тулгуур баганыг босгох ажлыг “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Увс ЦТСүлжээ” ХХК-ийн 68 инженер техникийн ажилтан, 13 техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэн, 3 дугаар сарын 16-ны өдрийн 02:13 цагт сэргээн босгож цахилгаан эрчим хүчний нийлүүлэлт хэвийн горимд шилжсэн. Урьдчилсан байдлаар 140 орчим сая төгрөгийн хохирол учирсан. Нийт 16 аймгийн 154 суманд 531 гэр, 2244 хашаа саравч нурж, 283 байшингийн дээвэр хууларч, 2542 толгой мал хорогдсон урьдчилсан дүн гарсан байна гэдгийг салбарын сайд дурдав.
Түүнчлэн энэ сарын 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах, 19, 20-нд ихэнх нутгаар хүйтрэх урьдчилсан мэдээтэй байна. Ирэх 4-5 дугаар сард агаарын дундаж температур зүүн болон говийн аймгуудаар олон жилийн дунджаас дулаан байх бол бусад нутгаар дунджийн орчим байх, хур тунадасны хувьд Хангайн нуруу болон Их нуруудын хотгороор олон жилийн дунджаас бага, 5 дугаар сард төв, зүүн болон говийн бүсийн зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Мөн 4 дүгээр сард ихэнх нутгаар хүчтэй салхилж, салхины хурд зарим газраар 15 м/с–ээс дээш болж ширүүсэн шороон шуурга шуурах болзошгүй бөгөөд 5 болон 6 дугаар сарын эхээр хуурайшил ихтэй байх төлөвтэй байгаа тул аймгийн хэмжээнд болзошгүй эрсдэлийг бууруулах, хүчтэй салхи шуурга, цаг агаарын аюулт үзэгдлийг иргэдэд эрт зарлан мэдээлэх ажлыг эрчимжүүлж, гамшгийн дараах сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах шаардлагатай байгааг нэмж тодотгов.
Энэ сарын 15-ны өдрийн байдлаар 10 аймгийн 5637 малчин өрхийн 3.9 сая толгой мал бусад аймаг /Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булган, Говь-Сүмбэр, Сэлэнгэ/-ийн нутагт отроор, Улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газарт 4640 малчин өрхийн 2.1 сая толгой, нийт 10277 малчин өрхийн 5.2 сая толгой мал отроор өвөлжиж, хаваржиж байна. Аймаг, орон нутаг дахь отор нүүдлийн зохицуулалтын асуудлыг Засгийн газрын 2020 оны 63 дугаар тэмдэглэлд заасны дагуу 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор тухайн бэлчээрийг чөлөөлүүлэх арга хэмжээ орон нутгийн мэргэжлийн байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжилтийг зохион байгуулна.
“Хаваржилтын болзошгүй хүндрэл, хүн, малын халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж, хорогдсон малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх, отор, нүүдлийн мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, хяналт тавих” тухай албан даалгаврыг аймгийн Засаг дарга нарт хүргүүлж, бэлтгэл ажлыг хангаж байна. Бэлчээрийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах ажлын хүрээнд 2020 онд бэлчээрийн ургац муу байснаас 2020-2021 онд өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Булган аймгуудын бэлчээрийн ургамлыг үлийн цагаан оготнын хөнөөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 4-5 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэлийг ханган ажиллаж байна гэдгийг сайд дурдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.