Эх сурвалж: Өнөөдөр сонин
Батлан хамгаалахын дэд сайд, Франц улсад суух Элчин сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан А.Баттөрийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт холбогдуулан 2020 оны нэгдүгээр сард цагдан хорьж шалгаж эхэлсэн. Түүнд холбогдуулан 2019 оны сүүлчээр эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд эх орондоо ирээд буцах үед нь хилээр гарахыг хорьж, улмаар саатуулсан юм. Шалгалтын явцад А.Баттөрийг ГХЯ-ныханд зориулсан “Дипломат-95” орон сууцын хувьчлалын үеэр эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, гурван ч байр завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын дарга О.Заяамандах, орлогч дарга А.Сүхбалт нарт холбогдох үйлдэлд нэгтгэн мөрдөн байцаалт явуулсан байдаг. Юутай ч Элчин сайд асан А.Баттөрд холбогдох хэрэгт шинжээчид эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэсэн дүгнэлт гаргажээ. Гэтэл хэргийг нь хэрэгсэхгүй болгохоор болсон тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. Түүгээр ч зогсохгүй дуулианы эзэн болсон өмгөөлөгч А.Баасанцогттой холбогдож, хэргээ прокурорын шатанд хаалгах нөхцөл байдал бүрдүүлсэн хэмээн хэд хэдэн эх сурвалж өгүүлэв. Мөн хэргээ хэрэгсэхгүй болгосны дараа Элчин сайдын албан тушаалд дахин томилогдох магадлалтай гэх мэдээлэл ч гарч байна. Энэ талаар албаны эх сурвалжуудаас тодруулахад “Хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. ГХЯ-наас хуучин албан тушаалд нь эргүүлэн томилох санал илэрхийлсэн сурагтай. Албан ёсны мэдээллийг бидэнд ирүүлээгүй. Гэхдээ төрийн өндөр албан тушаал хаших, гадаад улсад эх орноо төлөөлөхөд ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй хүнийг дахин томилж болохгүй баймаар юм” гэв. Харин прокурорын байгууллагын эх сурвалж “Хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа хараахан дуусаагүй” гэхээс өөрийг хэлсэнгүй.
Бэлтгэсэн: Д.Дайчин